Засгийн газраас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан морин уралдаантай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Өмнө нь гарсан Засгийн газрын тогтоолоор Тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1-ны хооронд морин уралдааныг зөвшөөрнө гэсэн ийм хугацааг үндэслэж тушаал гарсан. Үүн дээр зохицуулалт хийхээс өөр аргагүй болж байна. Одоо хугацааш Засгийн газар тогтоохгүй, аймаг орон нутаг тогтоох шийдвэр гарч байгаа учраас хүүхдийн эрхийг хамгаалах аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Хамгийн түрүүнд хүүхдийн эрх хангагдах ёстой. Тиймээс хүүхдийн эрхийг хангах ямар нөхцөл байх вэ гэдгийг төрийн бус байгууллага болон морин спорт уяачдын холбоотой хэд хэдэн уулзалт хийж хэрэв хаврын морины уралдаан нээвэл хууль бус нэг, хоёрдугаар сарын морин уралдааныг таслан зогсоох ёстой. Хэрэв хууль бусаар морин уралдаан зохион байгуулсан бол Эрүүгийн хариуцлага тогтоох ёстой гэсэн зохицуулалт оруулна. Гэсэн ч хаврын морин уралдааныг гуравдугаар сарын 1-нд зохион байгуулагддаг байж болно. Хэрэв хаврын морины уралдаан гуравдугаар сараас хойш зохион байгуулбал заавал 12-оос дээш настай байх ёстой" гэв.
0 сэтгэгдэлтэй