МУ-ын Засгийн газрын ээлжит /2025.01.29/ хуралдаанаар Морин спортын хаврын уралдаан зохион байгуулахтай холбоотой шийдвэр танилцуулсан нь унаач хүүхдүүдийн эрх, аюулгүй байдлыг зөрчиж байгаа талаар иргэд олон нийт, хүний эрхийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор сансрын технологи, роботын чиглэлээр олон янзын судалгаа, үйл ажиллагаа явуулдаг "Nabar & Nakarai Lab" байгууллагаас "Хоньчин робот" төслийг хэрэгжүүлж, уралдааны морины унаач робот бүтээж буйгаа зарласан.
Төслийг санаачлагч, NeSTRA судлаач Ц.Нандинбаатар "Нийтэд зарлахыг түр хүлээж байсан боловч, цаг үеийн байдалтай холбоотойгоор зарлаж байна. ШУТИС болон DX Mongolia хамтран ажиллах гэрээний хүрээнд Хоньчин Робот төслийн нэг хэсэг болох уралдааны морины унаач Роботыг хийж эхлээд байгаа. Бид 2025 оны Улсын Их Баяр наадмаар унаач Роботоо ашиглан уралдахыг зорьж байлаа. Бидний зүгээс үндэсний өв соёлоо дээдлэхийг эрхэмлэн үзэхийн зэрэгцээ, хүүхдийн эрхийг ч хамгаалж, мөн орчин цагийн технологитой хөл нийлүүлэн алхахыг зорилгоо болгодог. Тиймээс цаг уурын онцлог, хүнд нөхцөл гэх мэт онцгой нөхцөлд Робот унаачийн хэрэглээг нэвтрүүлэх нь чухал гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хүйтэн сэрүүний улиралд Робот унаачийг түлхүү хэрэглэснээр уламжлал болсон хурдан морины уралдааныг үргэлжлүүлэх боломжтой болно. Шаардлагатай тохиолдолд бид бүхэн өвлийн уралдаанд хоёр төрлийн Робот унаачаар уяачдыг хангах боломжтой.
Хурдан морины уралдаан, уяачдын холбоо, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага болоод технологийн хөгжлийг нэвтрүүлэгчид хамтран ажиллах бүрэн боломжтой" хэмээв.
0 сэтгэгдэлтэй