Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бирж үнэ өсч байгаа үед идэвхтэй байдаг. Үнэ унаж байгаа үед арилжаа явахгүй байна. Тийм учраас төмрийн хүдэр дээр үнэ өснө гэдэг хүлээлт байгаа учраас арилжаа идэвхтэй байна. 2025 оны нэгдүгээр сард бид 256 мянган тонныг бид биржээр арилжаалсан. 2024 оны нэгдүгээр сард 1.7 сая тонн нүүрс биржээр арилжаалж байсан. Тийм учраас урт хугацаанд гэрээнүүд нь ноёлох юм байна. Богино хугацааны худалдаагаа нээлттэй үлдээе гэдгийг өнөөдрийн биржийн нөхцөл байдал харуулж байна. Импортыг хамгийн их урамшуулж байгаа зүйл бол зах зээл дээр байгаа мөнгө.
Мөнгөний хэмжээ нэмэгдэхээр импорт нэмэгдэж байна. Импорт эдийн засгийн идэвхжлийг харуулж байна. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сар болон өнөөгийн мөн үетэй харьцуулахад зээлийн гаралт 31 хувиар нэмэгдсэн байна. Цалингийн зээл 44 хувиар, тэтгэврийн зээл 29 хувиар, хадгаламж барьцаалсан зээл 19 хувиар өссөн байна. Нийт банкнаас гарч байгаа зээлийн 31 хувь нь хэрэглээний зээл. Банк, банк бус санхүүгийн байгууллагад давхар зээлтэй 350 мянган иргэн байна. Эдгээр иргэдийн өр орлогын харилцаа 80 хувьд хүрсэн. Олсон орлогынхоо 80 хувийг зээлэнд өгдөг. Монгол банкнаас гаргасан өр орлогын зохистой харилцаа бол 55-60 хувь байх ёстой. Өнгөрөгч онд эдийн засагт гарсан том тоо бол импорт. Импорт асар ихээр нэмэгдсэн. Өнгөрсөн жилийн импорт энэ жил ахиад нэмэгдэх хандлагатай байна. 2024 оны нэгдүгээр сард 369 сая ам.долларын бараа импортолж байсан бол энэ жилийн нэгдүгээр сард 402 сая ам.долларын бараа импортолсон байх жишээтэй. Импорт 9 хувийн өсөлттэй гарсан байна. Тийм учраас бид импорт дээр ямар бодлого хийх вэ гэдэг асуудал байна. Тэр дундаа удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний импорт өндөр байна. Суудлын автомашины импорт 16 хувиар өссөн. Өнгөрсөн жил монголчууд бид 1 тэрбум ам.долларын машин импортолсон бол энэ жил дахиад давтагдах магадлалтай байна. Импортыг хэрхэн зохицуулах вэ гэдэг бол бидний хувьд том сорилт болохоор байна хэмээсэн юм.
Мөн нийгмийн халамжтай холбоотой асуудалд "Тийм, ийм халамж олгоно гэдэг популизмаа болих хэрэгтэй. Одоо сонгуулийн жил биш. Тийм учраас ажил хийцгээе. Ажил хийсэн хүмүүсийг урамшуулъя. Манай Ардчилсан намынхан даргынхаа үгээр ярьдаггүйгээрээ МАН-аас ялгаатай" гэх тайлбарыг өгсөн юм.
0 сэтгэгдэлтэй