Гандантэгчинлэн хийд цагаан сарын хурал номын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өглөө. Монголын бурханшашинтны төв Гандантэгчэнлин хийдийн нийгэм хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан тэргүүлэгч А.Батцэнгэл "Уламжлалт Цагаан сарын баярын үеэр Гандантэгчинлэн хийдэд болох үйл явдлын талаар мэдээлэл өгье. Цагаан сарын баяр бол Монгол түмний нандин өв соёл шингэсэн чухал баяр. Энэ баярын үеэр ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг, ахмадууд хүүхэд, багачууддаа сургааль, захиасаа хэлдэг. Түүнчлэн энэ баяр бурхны шашинт хүмүүсийн хувьд чухал. Учир нь шинийн 1-15 -ны өдрүүдэд бурхан багш сургууль, номлолоо айлддаг байсан.
Уламжлалт баярын үеэр Гандантэгчинлэн хийд цагаан сарыг угтаж хуучин номын хурал хийдэг. Шинийн 1-15-ны өдрүүдэд их ерөөл явагддаг. Энэ жил Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн Хамба лам Д.Жавзандорж шинийн 8-ны өдөр олон нийтэд зориулан айлдвар айлдана. Айлдвар хоёр хэсгээс бүрдэнэ. Эхэнд бурхан багшийн намтар, цадиг айлдана. Дараа нь, насны авшиг хүртээнэ. Насны авшиг хүртсэнээр нас уртасна гэж үздэг.
Дараа нь Гандантэгчэнлин хийдийн дэд хамба лам, гавж С.Гантөмөр номын айлдвар айлдана. Энэ нь гуравдугаар сарын 16-ны өдөр болно. Энэ өдөр дэд хамба “Билгүүний зүрхэн судар” гэдэг номыг тайлбарлана. Энэ ном нь Бурхан багшийн айлдсан сургууль номын гол охь шим болох хоосон чанарыг тайлбарлаж буй ном юм. Мөн сар шинийн өдрүүдэд Гандантэгчэнлин хийдэд шинийн 1-15-ныг хүртэл өдөр бүр үдээс хойш 14:00 цагаас цагаан сарын хурал ном хурна. Номын айлдвар явагдана" гэлээ.
0 сэтгэгдэлтэй