728 x 90

Шинэ Үндсэн хууль: Их хурлын гишүүдийн 15-ыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр томилно.

Шинэ Үндсэн хууль: Их хурлын гишүүдийн 15-ыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр томилно.
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долдугаар сарын 27-ны өдөр 109 дүгээр захирамж гаргаж, шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.  Улмаар УИХ-д суудалтай гурван намын төлөөллийг оролцуулаад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 21 намын удирдлага Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Тунхаг бичигт гарын үсэг зурсан цагаас эхлэн Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах тухай асуудал хүчтэй яригдаж эхэлсэн. Энэ нь Ерөнхий сайдын өөрийн албан тушаалыг баталгаажуулан дархлах гэсэн ганц хүний амин хувийн амбиц уу. Үүнийг олон нийт мөн эсэргүүцэж байгаа юм. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болвол олон нийтийн саналыг  заавал  авдаг нэмэлт өөрчлөлтөд  хоёр танхимтай парламентад 90 гишүүн ажиллаж, Ерөнхий сайд УАБЗ-ийг тэргүүлнэ гэнэ. Үүнийг олон нийт хүчтэй эсэргүүцэж байгаа. Их хурлын гишүүдийн 15-ыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр томилно. Өмнө нь Монгол улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайд хийж байсан хүмүүс ард түмнээс сонгогдохгүй шууд томилогдож гишүүн болно. Өнөөдрийн Монголын асуудал бүрийн авторуудыг энэ онцгой эрхээр их хуралд залж мөнхлөх нь ээ гэсэн үг.

Ажлын хэсгийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бус бүхэлд нь буюу шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж дуусчээ. 

Уг төслөө энэ оны нэгдүгээр сарын 3-нд албан ёсоор Ерөнхий сайдад гардуулж өгсөн байна. Төсөл боловсруулагчдын зүгээс өнөөдөр шинэ, тавдугаар Үндсэн хуулийн төсөл боловсруулж ард түмнээр хэлэлцүүлэн батлах нь нийгмийн захиалга болсон" гэдгийг тодотгож байна. 

Н.Энхбаяр тэргүүтэй улс төрийн намуудын төлөөллийн боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөл нь бүтцийн хувьд 5 бүлэг, 62 зүйл, 397 заалтаас бүрдэнэ. Шинэ, тавдугаар Үндсэн хуулийн төсөл нь дараах багц 13 багц өөрчлөлтийн асуудлыг тусгажээ. Үүнд: 

Нэг.Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний болон хүний аюулгүй байдлыг улам бүр бататгахтай холбоотой оновчтой зохицуулалтыг тусгасан багц өөрчлөлт;

Хоёр. Монгол Улсын байгалийн баялаг ард түмний байнгын бүрэн эрх мэдэлд байхаар

Гурав. Цаазаар авах эрүүгийн ялын дээд хэмжээг бүрмөсөн халсан, зөрчигдөж хөндөгдсөн эрхийг аль болох богино хугацаанд сэргээн эдлүүлэх, цагаатгахтай холбоотой томъёолсон багц өөрчлөлт;

Дөрөв. Монгол Улсын нийт иргэдийг бүрэн төлөөлөх сонгодог парламентын тогтолцоотой болж, хоёр танхимтай парламентад улс төрийн намын төдийгүй нам бус иргэдээс шууд сонгогдохоор тогтоосон, парламентын хоёр танхим нэг нэгийгээ хянах боломжоор хангагдсан, ингэснээр хууль тогтоох эрх мэдлийг илүү хариуцлагатай болгох зарчмыг тусгасан, Төрийн тэргүүнийг ард түмний бүрэн төлөөлөл болсон парламентын хоёр танхимын нэгдсэн бүрэлдэхүүнээр сонгодог болгохоор томъёолсон багц өөрчлөлт;

Тав. Сонгуулийг шударга явуулахын тулд түүний санхүүжилтийг хөрөнгө мөнгөтэй хувь хүн, эсхүл аж ахуйн нэгжээс хараат бус байх зарчимд нийцүүлэн томъёолсон, нам бус нэр дэвшигч сонгогдон засаг төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих бодит боломжоор хангагдсан байхаар зохицуулсан, сонгогчид сонгуульд заавал оролцдог байхаар үүрэгжүүлсэн  багц өөрчлөлт;

Зургаа. Ерөнхий сайдын эрх хэмжээг нэмэгдүүлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхтэй болгосон, гүйцэтгэх эрх мэдэл болон хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгуулагуудын харилцан нэг нэгийгээ хянах, хариуцлага тооцох боломжийг тэнцвэржүүлсэн, зайлшгүй нөхцөл байдал үүсэхэд парламент Ерөнхий сайдыг огцруулах, эсхүл Ерөнхий сайд парламентыг тараах шийдвэрийг тус тус гаргаж болохоор тогтоосон багц өөрчлөлт;

Долоо. Шүүх бүхэлдээ шударга ажиллах нөхцлийг цогцоор нь бүрдүүлсэн багц өөрчлөлт;

Найм. Нутгийн өөрөө удирдах ёсыг шууд хэрэгжүүлэх боломжийг иргэдэд өгснөөр тэд тухайн орон нутагтаа нийгэм-эдийн засгийн асуудлыг бүрэн бие даан шийдвэрлэх бололцоотой болсон багц өөрчлөлт;

Ес. Үндсэн хуулийн зүйл заалтуудын утга агуулга, зарчим, үзэл санааг хатуу чанд баримтлан зөв зүйтэй тайлбарлах эрх хэмжээг Улсын Дээд Шүүхэд олгосон,

Арав. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн баталгаатай хамгаалах ёстой гэсэн зарчмыг баримтлан бие даасан хянах эрх мэдэл бүхий Хүний эрхийн дээд зөвлөлийг ард түмний шууд сонголтоор байгуулан ажиллуулах зохицуулалтыг тусгасан, уг байгууллагыг нам бус Төрийн тэргүүн Ерөнхийлөгч өөрөө толгойлон ажиллахаар тогтоосон багц өөрчлөлт;

Арван нэг. Үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ, ханшийг хамгаалсан, гадаад худалдааг зохицуулалттай болгосон, экспортод чиглэсэн эдийн засгийн бүтцийг бүрдүүлсэн багц өөрчлөлт;

Арван хоёр. Төрийн албаны зөвлөл, Аудитын ерөнхий Газар, Монголбанкны бодлогын Зөвлөл, Сонгуулийн Ерөнхий хороо зэрэг байгууллагуудыг хараат бусаар байгуулсан багц өөрчлөлт;

Арван гурав. Үндсэн хуулийн хэрэгжилт болон түүний дархлааг баталгаатай хангахын тулд Үндсэн хуулийн суурь зарчмуудыг нэг бүрчлэн тодорхойлж өөрчлөхийг хориглосон багц өөрчлөлт.

Эдгээрээс  УИХ-ын бүтэц, зохион байгуулалттай холбоотой өөрчлөлтүүдийг анхлан ОНЦОЛЖ байна. 

III. Монгол Улсын Их Хурал

 Гучин тавдугаар зүйл

1.Улсын Их Хурал нь гагцхүү хууль соёрхон батлах эрх мэдлийг хэрэгжүүлнэ.

2.Улсын Их Хурал нийт иргэдийг төлөөлөн сонгогдсон болон томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ. Улсын Их Хурлын төлөөлөгч нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

3.Улсын Их Хурлын төлөөлөгч нь Засгийн газрын гишүүн, намын гишүүн байх, засаг төрийн болон төрийн бус аль ч байгууллагын ажил, албан тушаалыг давхар хашихыг хориглоно.

4.Улсын Их Хурал нийт ерэн төлөөлөгчөөс бүрдэнэ. Улсын Их Хурлын нийт төлөөлөгчийн бүрэлдэхүүний далан тавыг нь сонгох, арван тавыг нь томилох зарчмаар бүрдүүлнэ.

5.Улсын Их Хурлын төлөөлөгч гучин нас хүрсэн, тухайн сонгуулийн тойрогт гурваас доошгүй жил байнга оршин сууж буй Монгол Улсын уугуул иргэн байна. Улсын Их Хурлын гишүүнээр гурваас илүү удаа сонгогдох, хоёроос илүү удаа томилогдохыг хориглоно.

6.Улсын Их Хурлын нийт төлөөлөгчийн далан тавыг нь тухайн тойргийн сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох зарчмын дагуу саналаа нууцаар гаргаж сонгоно.

7.Улсын Их Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх бөгөөд нийт сонгогдсон төлөөлөгчийн гуравны нэгийг сонгох сонгуулийг хоёр жил тутам зохион байгуулна.

8.Тухайн сонгуулийн тойрогт сүүлийн гурван жилээс дээш хугацаагаар байнга оршин суугч таван зуун нэгээс доошгүй иргэний гарын үсэг цуглуулсан Монгол Улсын уугуул иргэн Улсын Их Хурлын төлөөлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж болно. Засаг төрийн улс төрийн болон жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших тохиолдолд ажил, албан тушаалаасаа түдгэлзэнэ.

9.Улсын Их Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн тойргийг хүн амын төлөөлөл ижил тэнцүү байх зарчмыг баримтлан Сонгуулийн Ерөнхий Хороо тодорхойлно. Улсын Их Хурлын сонгуулийн тухайн тойрогт байнга оршин суугч сонгуулийн эрх бүхий иргэдийн дийлэнх олонх оролцсоноор уг сонгууль хүчин төгөлдөр болно.

10.Тухайн тойргийн сонгуульд оролцогчдын хамгийн олон санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.

11.Улсын Их Хурлын нийт төлөөлөгчдийн \гуравны хоёр ба түүнээс дээш тооны төлөөлөгч Улсын Их Хурлын Анхдугаар чуулганд хүрэлцэн ирснээр Улсын Их Хурал эрх мэдлээ хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай болно.

12.Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан хүн өөрөө зөвшөөрвөл түүнийг зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурлын төлөөлөгчөөр томилно.

13.Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан хүн, Монгол Улсын Бага Хурал, эсхүл Улсын Их Хуралд тус бүр гурваас доошгүй удаа сонгогдож байсан гишүүн, төлөөлөгч, Улсын Дээд Шүүхийн шүүгчээр ажиллаж байсан төлөөлөл, Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга, Хүний Эрхийн Дээд Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын төлөөлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөл, Шинжлэх Ухааны Академийн төлөөлөл, Эмэгтэйчүүд, залуучууд, хүүхэд, ахмадын байгууллагуудын төлөөлөл, Үндэсний олимпийн хорооны дарга, Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын төлөөлөл, Боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, гадаад харилцааны нэрт зүтгэлтэн зэрэг иргэдийн дундаас Улсын Их Хурлын төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх чадвартай бөгөөд хүсэлтэй тодорхой тооны иргэнийг Ерөнхий сайд, Хүний Эрхийн Дээд Зөвлөлөөс тус тус харьцангуй тэнцвэртэйгээр санал болгосноор Ерөнхийлөгч шийдвэр гаргаж, зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурлын төлөөлөгчөөр томилно.

14.Улсын Их Хурлын төлөөлөгч бүрэн эрхийн хугацаандаа хууль тогтоомжоор тогтоосон хэмжээний цалинг улсын төсвөөс авна. 

15.Улсын Их Хурлын төлөөлөгч намын гишүүн бус, эсхүл Улсын Их Хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа намын гишүүнчлэлээс түдгэлзсэн байна.

16.Улсын Их Хурлын төлөөлөгч нь Үндсэн хуульд тангараг өргөснөөр эрх мэдлээ хэрэгжүүлж эхлэх бөгөөд дараагийн сонгуулиар сонгогдсон, эсхүл томилогдсон төлөөлөгч тангараг өргөснөөр энэхүү эрх мэдэл нь дуусгавар болно.

17.Улсын Их Хурлын тухайн бүрэлдэхүүнийг бүрдүүлж буй төлөөлөгчдийг насаар нь эрэмбэлж насаар хамгийн ахмад төлөөлөгчөөс эхлэн Улсын Их Хурлын даргаар, хамгийн залуу төлөөлөгчөөс эхлэн Улсын Их Хурлын дэд даргаар тус бүр нэг жилийн хугацаагаар нийт төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар томилно. Улсын Их Хурлын дарга, дэд даргын сонгуульт хугацаа Улсын Их Хурлын дараагийн дарга, дэд дарга шинээр томилогдсоноор дуусгавар болно.

18.Улсын Их Хурлын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы нэгдсэн болон Байнгын хороо, бусад хорооны хуралдааныг таслахыг хориглоно.

19.Улсын Их Хурлын төлөөлөгч чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороо, бусад хорооны хуралдаанд оролцохдоо хэлсэн үг, өгсөн саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй. Энэхүү зохицуулалт бусдыг хилсээр гүтгэсэн, санаатай доромжилсон үйлдэлд үйлчлэхгүй.

20.Тухайн тойргийн сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн гуравны нэгийн гарын үсэг бүхий шаардлага хүлээн авсан тохиолдолд Сонгуулийн Ерөнхий Хороо тухайн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч шийдвэр гаргаснаар Улсын Их Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татсанд тооцно. Ерөнхийлөгч Сонгуулийн Ерөнхий Хорооноос өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах саналаас татгалзах эрхгүй.

 Гучин зургаадугаар зүйл 

1. Улсын Их Хурал дараах эрх мэдлийг хэрэгжүүлнэ:

1/сонгуулийн эрх бүхий иргэдийн дунд Үндсэн хуулийн төсөл, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, ард түмний дундын өмчийг ашиглахтай холбоотой бодлого, бусад тодорхой асуудлаар Бүх ард түмний санал асуулга зарлах, санал асуулгын дүнг баталгаажуулсан шийдвэр гаргах;

2/Улсын Бага Хурлын хэлэлцэн баталсан хууль тогтоомжийг соёрхон батлах, бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хориг тавих;

3/Ерөнхийлөгчийг огцруулах тухай Улсын Бага Хурлаас өргөн мэдүүлсэн шийдвэрийг хэлэлцэж, ердийн олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэх;

4/Ерөнхий сайдыг огцруулах, эсхүл Засгийн газарт итгэл үзүүлэхгүй тухай Улсын Бага Хурлаас өргөн мэдүүлсэн шийдвэрийг хэлэлцэж, ердийн олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэх;

5/улсын хилийг тогтоох;

6/ Хүний Эрхийн Дээд Зөвлөлөөс санал болгосноор Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилох, чөлөөлөх, огцруулах;

7/Засгийн газрын санал болгосноор Төрийн Албаны Зөвлөлийн гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар томилох, чөлөөлөх, огцруулах;

8/Улсын Бага Хурал дахь албан ёсны сөрөг хүчний бүлгийн саналаар Ерөнхий Аудиторыг дөрвөн жилийн хугацаагаар томилох, чөлөөлөх, огцруулах;

9/Улсын Бага Хурлын гишүүнийг эгүүлэн татах, нөхөн оруулах тухай Сонгуулийн Ерөнхий Хорооны саналыг хэлэлцэж, ердийн олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэх;

10/Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнийг эгүүлэн татах тухай Сонгуулийн Ерөнхий Хорооны саналыг хэлэлцэж, ердийн олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэх;

11/Хүний Эрхийн Дээд Зөвлөлийн гишүүнийг эгүүлэн татах тухай Сонгуулийн Ерөнхий Хорооны саналыг хэлэлцэж, ердийн олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэх.

2. Улсын Их Хуралд тодорхой чиг үүргийг зөвхөн энэ зүйлд заасан эрх мэдлийн хүрээнд хуулиар олгож болно

.        Гучин долоодугаар зүйл

 1.Улсын Их Хурал эрх мэдлээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.

2.Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганыг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийн морин цагт, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганыг жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийн морин цагт тус тус эхлүүлэх бөгөөд  ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.

3.Улсын Их Хурлын дарга Үндсэн хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хурлын ээлжит, ээлжит бус чуулганыг товлон зарлана.

4.Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг нийт төлөөлөгчдийн дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын төлөөлөгч чуулганы хуралдаанд биечлэн оролцох үүрэгтэй бөгөөд тухайн асуудлаар саналаа өөр этгээдэд шилжүүлэхийг хориглоно.

5.Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт Улсын Бага Хурлаас Ерөнхийлөгч, эсхүл Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газарт итгэл үзүүлэхгүй тухай шийдвэр гарсан бол Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганыг товлон зарлана.

6.Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, хуралдааны дэгийг хуулиар тогтооно.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ