Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэгтэй аврах баг Хөвсгөл аймагт үүрэг гүйцэтгэж байна. Мөн орон нутгаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор эрлийн ажиллагааг эхлүүллээ. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон дуудлага өчигдөр /2025.09.17/ 16:57 цагт ирсэн.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Цагдаа, ШШГГ, Хүүхдийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.
Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага ирсэн. Тодруулбал, аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс хойд зүгт 30 км зайд мод бэлтгэлийн ажил хийж байсан иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй хамтран эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Одоогийн байдлаар сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн 210 гаруй иргэн, төрийн албан хаагчид, 38 автомашин, 2 мотоцикл, 4 морьтойгоор 4–5 км-ийн радиуст самналт хийж байна. Мөн аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг болон Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтойгоор тус суманд ажиллаж байгаа юм. Харсан, олсон хүн байвал 8829-4661, 7038-6057 дугаарт яаралтай мэдэгдэхийг санууллаа.