Америкийн амьдрах ухааны багш Марта Стюарт алдарт “Sports Illustrated” сэтгүүлийн нүүрэнд усны хувцастай хөргөө нийтлүүлсэн хамгийн ахмад модель болжээ. Одоо 81 настай бизнес эмэгтэй энэ оны нэгдүгээр сард Доминиканы Бүгд Найрамдах Улсын далайн эрэгт 10 өөр загварын усны хувцастай гэрэл зургаа авхуулж байсан байна. Стюарт өчигдөр удахгүй хэвлэгдэх сэтгүүлийн нүүр зургийг өөрийн сошиал хуудсанд нийтэлсэн нь олны анхаарлыг татаад байна. “Ихэнхдээ надад ийм ажлын цалин хөлс нь чухал байдаг ч энэ удаа миний насны эмэгтэй хүн сайхан харагдаж, сайхан мэдрэмж төрүүлж чаддагийг харуулсан нь хамгийн том урам байлаа” гэж тэр сэтгүүлийн вэб сайтад нийтлэгдсэн видео бичлэгт ярьжээ. Марта Стюарт 1980-аад оны үед хоолны жорын хэд хэдэн ном хэвлүүлсэн нь борлуулалтаараа тэргүүлж байжээ. Дараа нь тэр 1990 оноос эхлэн “Martha Stewart Living” нэртэй сэтгүүл гаргаж, удалгүй долоо хоног тутмын телевизийн шоутай болж байсан юм.
хожим тэр өөрийн хүч хөдөлмөрөөр хөрөнгөжсөн Америкийн анхны эмэгтэй тэрбумтан болж байжээ.
Гэвч 2004 онд Стюартын бизнес уналтад орж, “insider trading” буюу үнэт цаасны хууль бус арилжааны хэргээр таван сар хоригдох ял сонссож байсан байна. Үүний дараа тэр бизнес, нэр хүндээ дахин өсгөхөөр идэвхтэй ажиллаж байгаа. Энэ оны эхээр Стюарт “Super Bowl” тэмцээний сурталчилгаанд олон жил найзалсан рэппер Снүп Догтой хамт тоглосон юм.“Sports Illustrated” сэтгүүлийн хувьд олон жилийн турш залуу, цагаан арьст моделиудаар нүүрээ чимэглэдэг байв. Харин сүүлийн жилүүдэд энэ уламжлалаа өөрчилж, өөр өөр хүмүүсийн төлөөллийг оролцуулдаг болоод байгаа аж..