728 x 90

Найруулагч Жэймс Камерон шумбагч машины ослыг Титаникийн түүхэн сүйрэлтэй адилтгажээ

Найруулагч Жэймс Камерон шумбагч машины ослыг Титаникийн түүхэн сүйрэлтэй адилтгажээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“Титаник” киноны найруулагч Жэймс Камерон шумбагч машины ослыг Титаник хөлгийн түүхэн сүйрэлтэй адилтгасан байна.

Аль аль тохиолдолд хүмүүсийн хайхрамжгүй зан нөлөөлснийг 68 настай найруулагч анхааруулжээ.

“Саяын осол Титаникийн сүйрэлтэй ижил төстэй байсан нь намайг гайхшируулж байна. Титаникийн ахмад хөлөг онгоцных нь ойр орчимд мөсөн уулс байгааг анхааруулсаар байхад саргүй шөнө өндөр хурдтай явсны улмаас олон хүнийг үхэлд хүргэсэн юм. Энэ удаа анхааруулгыг үл тоомсорлосон ижил төстэй эмгэнэлт явдал тохиолоо” гэж тэр ABC сувагт ярьсан байна.

Камерон өөрөө живсэн Титаник хөлгийн үлдэгдлийг үзэх гэж 33 удаа далайн ёроолд хүрч байсан гэдэг.

Түүний найруулсан Оскарын шагналт “Титаник” кино 1997 онд дэлгэцэнд гарч байв.Камерон бас усны гүний сүйрлийг харуулсан “The Abyss” уран сайхны киног найруулж, далай тэнгисийн тухай хэд хэдэн баримтат кино бүтээсэн юм.

Кино найруулагчаас гадна тэр далай судлаач хүн. 2012 онд Камерон дэлхийн хамгийн гүн далайн ёроол болох Марианы хонхорт хүрч байжээ.

“Энэ салбарын олон хүн OceanGate-ийн шумбагч машины аюулгүй байдалд санаа зовж байсан. Ийм шумбагч бүтээхэд оролцсон хэд хэдэн инженер тэдний хийж буй зүйл хүн тээвэрлэхэд хэтэрхий туршилтын шинж чанартай тул баталгаажуулах шаардлагатайг анхааруулсан захидал бичиж байв” гэж Камерон ярьсан байна.

2018 онд OceanGate компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дэвид Локриж шумбагч машины аюулгүй байдалтай холбоотой асуудлыг ил гаргасны улмаас халагдаж байжээ. Тухайн үед тэр өөрийгөө хууль бусаар халагдсан гэж үзээд маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж байсан юм байна.

“Шумбагч машины нүүрний гадагш харах хэсэг нь 1,300 метрийн гүний даралтыг тэсвэрлэх чадвартай ч OceanGate аялагчдыг 4,000 метрийн гүнд тээвэрлэж байна” гэж Локрижийн шүүхэд гаргасан гомдолд өгүүлж байжээ. Титаник хөлгийн үлдэгдэл 3,800 метрийн гүн ёроолд байдаг юм.

Саяын ослоор амиа алдсан таван хүний нэг болох Францын далай судлаач Пол Анри Наргеолет нь Камероны найз юм байна.

“Энэ бол маш жижиг хүмүүсийн хүрээлэл шүү дээ. Би Полыг 25 жилийн өмнөөс танина. Түүнд ийм эмгэнэлт явдал тохиолдсонтой эвлэрэхэд хэцүү байна” гэж найруулагч ярьжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ