728 x 90

Долоодугаар сарын цаг агаар

Долоодугаар сарын цаг агаар
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  “Цаг агаар, Орчны тоон загварчлал судалгааны хэлтэс " -ээс тодруулах боломжтой.

Уур амьсгалын тойм

Долоодугаар сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8...14°С, Увс, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20...26°С, бусад нутгаар 14...20°С дулаан.ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. 7 дугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 5). Хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).  

Сарын эхээр ихэнх нутгаар, нутгийн хойд хэсгээр бороо орж, агаарын температур сэрүүхэн байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар. 7 дугаар сарын агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна (Зураг 5). Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна (Зураг 6).

Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүхэн байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутаг болон Дорнодын хойд  хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 5). Хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг болон Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5). Хур тунадас Өмнөгоь, Дорноговийн нийт нутаг, Дуднговь, Говьсүмбэрийн зарим сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зөвлөмж

Энэ сард  баруун болон говийн бүс нутгийн ихэнх хэсгээр агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байгаатай холбоотой хэт халалт болж, хуурайшилт их байх тул нийт малчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс нарших гэх мэт халуунаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.  
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ