Гадаад харилцааны яам, Бээжин дэх Элчин сайдын яамны идэвхтэй хүчин чармайлт гаргаж ажилласны дүнд Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа мэдэгдлээ.
Үүний дагуу Хятадын тал 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр /Баасан гараг/ зорчигч тээврийг эхлүүлэх болон бусад асуудлыг хоёр талын орон нутгийн төр захиргааны байгууллага хооронд тохиролцох саналыг хүргүүлээд байна.
Түүнчлэн Монголын талыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хил нэвтрэлтийг үргэлжлүүлэн сайжруулах, боомтыг аюулгүй, жигд хэвийн ажиллуулах нөхцөлөөр хангахыг хүслээ. Ийнхүү гурван жил гаруй хугацааны дараа Монгол-Хятадын Замын-Үүд-Эрээний төмөр замын зорчигч тээвэр нээгдэх нөхцөл бүрдээд байна.
Эргэн сануулахад, энэ чиглэлийн төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг цар тахалтай холбогдуулан тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан юм.
0 сэтгэгдэлтэй