Ромын пап өчигдөр Ватиканы мөргөл залбирлын гол төв болох Гэгээн Петрийн талбайд айлдвараа айлдсан байна. Тэрээр энэ үеэрээ Монгол улсад хийх тав хоногийн хугацаатай айлчлалынхаа тухай онцолж, мөргөлчдийг уг айлчлалынх нь төлөө хамтдаа залбирахыг хүсчээ. Францис пап анх удаа Монголд айлчилна. Пап Монголын уужуу өгөөмөр ард түмэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэдгээ айлджээ.
Тэрээр “Хүндэт ахан дүүсээ, би Азийн зүрхэнд орших Монгол улсад хэд хоногийн хугацаатай айлчлахаар энэ пүрэв гарагт аян замдаа гарна. Энэ айлчлалыг би хүсэн хүлээж байсан. Монголын ахан дүүстээ хэлэхэд би танай улсад ах дүүгийн хувиар айлчлах гэж байгаадаа баяртай байна. Уг айлчлалд бэлтгэсэн, санаачилгыг гаргаж хэрэгжүүлж, урилга илгээсэн албаны хүмүүст талархлаа. Энэ удаагийн айлчлал нь хэдийгээр тоо хэмжээгээр цөөн ч агуу их итгэл найдвар, энэрэл нигүүлсэл дүүрэн улсад католик сүм хийдийг багтаах боломж юм. Тиймээс энэ удаагийн айлчлалыг залбиралдаа багтаахыг та бүхнээс хүсэж байна” хэмээжээ.
Дэлхийн католик сүм хийдийн тэргүүн Ромын пап Францисын Монголд хийх төрийн хэмжээний айлчлал “Хамтдаа итгэе” уриан дор зохион байгуулагдана. Францис пап буюу Хорхе Марио Берголио нийт хүн амынх нь нэг хүрэхгүй хувь нь католик шашинтай улсад айлчилж байгаа нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Манай 3,2 сая хүн амын ердөө 1,500 хүрэхгүй хүн католик шашинтай гэсэн судалгаа байдаг. Урьдчилсан байдлаар папын айлчлалыг тохиолдуулан 3,000 гаруй сүсэгтэн, жуулчин Монгол улсад ирэх төлөвтэй байна.