728 x 90

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Засгийн тэргүүн  мэдээлэл хийлээ. Жагсаалтын дараа Засгийн тэргүүн  юу хэлэх нь олны анхаарлын төвд байв. Гэвч тэр жагсаалын тухай  ярихаасаа өмнө  сайхан мэдээ яръя хэмээгээд “Монгол Улс өнөөдөр Чингис бондын мөнгийг бүрэн төлж дуусч, Хөгжлийн банкны үлдэгдэл чанаргүй зээлийн мөнгөөр Самурай бондын өрийг тэглэх бүрэн боломж бий боллоо хэмээгээд  жагсаалтай холбоотой мэдээллээ өглөө. Тэрбээр “Жагсагчдаас ирсэн 20 орчим шаардлагыг нэгтгэж, 14 иргэний нийгмийн байгууллага, бусад гэсэн шаардлага ирсэн. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал. Хөгжлийн банкны өрний нэг хэсэг нь өнөөдөр төлөгдөж байна. Тухайн үед бонд босгохдоо бидний хойч үе төлнө гэсэн, Монгол Улсын хөгжлийн боймилсон асуудал болсон. Үүнээс эхлэн хариуцлагагүй үйлдлүүдийг засах, хариуцлага тооцох агуулга дээр өмнөх болон одоогийн Засгийн газар амаргүй нөхцөлд тэмцэл хийсэн. Эргээд бодоход Оюутолгойн гэрээтэй холбоотой гэрээг Арбитрт өгсөн гэдгийг мэдэгдэж, ирээдүйд үүсэх өрийг дарж чадах болов уу, Рио тинтой компанитай хэрхэн ажиллах бол гэж эргэлзэж, гэрээг цуцлах асуудлыг ч би тавьж байсан. Үүнийг олон нийт маш сайн дэмжиж, өнөөдөр бодит үр дүнгээ өгсөн. Өнөөдөр 34 хувийн асуудал шийдэгдсэн, монголчууд өргүй болсон далд уурхайн асуудал өнөөдөр шийдэгдэж, бодитой үр дүнд хүрсэн.

Хөгжлийн банкны асуудлыг ОУВС болон холбогдох албаныхан дампуурна гэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн байсан. Хөгжлийн банкаа дампууруулах уу, олон нийтийн дэмжлэг авах гэдэг сонголттой байсан. Саяхан Тавантолгой”ой холбоотой асуудлыг тавьсан. Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгойтой холбоотой асуудал үүсээд удсан. Яагаад Гашуунсухайтын төмөр зам гацсан, тээвэрлэлтийн машины ард эзэн, энэ хүмүүс нийлэхээрээ ямар хүч хуримтлуулж чаддаг вэ гэдэг олон асуудал бий. Борлуулалтын 178 гэрээний сонгон шалгаруулалт шударга болж чадсан уу, энэ замд байгаа компаниудын ард ямар хүмүүс байдаг, тендерт яаж шалгарсан, оптек гэрээний нууцлалтай холбоотой асуудлыг илүү бизнесийн зарчим руу оруулах асуудал бий. С зөвшөөрөл олгогддог байдал хэрхэн явдаг, дугаарлалт дээр ямар асуудал байгаа, бөмбөлөг тээвэрт ямар, хэний машинууд явдаг зэрэг олон асуудал бий. Энэ дунд зохицуулалт хэрхэн хийгдэж, тэнд ажиллаж байгаа хил, гаалийн байгууллага, орон нутгийн удирдлагууд Хятадад өгч байгаа мэдээллийн тоо зөрж байна уу, энэ зүйлд албан тушаалтнууд үгсэн хуйвалдсан асуудал үүссэн. Энэ асуудлуудыг гаргаж тавих нь зүйтэй гэж үзэж зургаан сарын хугацаанд Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосон. Энэ мэдээж хамгийн амаргүй нөхцөл. Тиймээс хугацаа шаардаж, том цар хүрээнд ажиллах шаардлага үүсч, АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллага хамтарсан баг ажиллаж, БНХАУ-ын талтай тулгалт хийж байна.

Бид дөрвөн ч удаа хуулийн байгууллагатай уулзаж, мэдээлэл авсан. Гэхдээ нилээдгүй том хэмжээний шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 9000 мянган жолооч, 70 гаруй төрийн албан хаагч, компаниудын эзэд шалгагдаж, удахгүй эхнээсээ үр дүн гараад шийдэгдээд явна. Үзэл бодлоо илэрхийлсэн залуучууддаа Хөгжлийн банкны асуудал шиг дэмжлэг ирж байгаад талархаж байна. Энэ асуудал олон нийтийн асуудал болсон учраас энэ асуудал удахгүй шийдэгдэнэ гэж итгэл төрсөн, Ерөнхий сайдын хувьд.  

-УИХ-ыг тараах саналыг Ерөнхийлөгч гаргасан гэсэн мэдээлэл гарсан. Мөн Удирдах зөвлөл УИХ тарах, сонгууль зохион байгуулах асуудлыг юу гэж дүгнэсэн бэ?

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамж муутай байна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга, үе хоорондын зөрчил явагдаж байна гэх зүйл яригдаж, явж байгаа. Ийм мэдээлэлд төөрөгдөөд байх цаг хугацаа өнгөрчихсөн. Би сандраад байгаа хүмүүст хандаж хэлэхэд, ийм мэдээнээс болоод бид хэд муудалцаад, нэг их сүртэй юм үүсэхгүй. ҮАБЗ хуралдсан, ҮАБЗ-ийн хурлын үеэр Ерөнхийлөгч УИХ-ын даргатай энэ саналынхаа талаар санал солилцсон. Төрийн тэргүүний хувьд улс төрийн намуудын асуудал, Засгийн газар өөрсдөө шийдэх, шаардлагатай бол тогтолцооны реформыг ард түмэн дэмжвэл би дэмжинэ гэдэг зүйл л хэлсэн. Бидний хувьд олон зүйл дээр ойлголцоод явах давуу тал бий. Өнөөдөр дэлхий нийт цар тахал, дайнтай байгаа үед ҮАБЗ хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадаж байгаа. Үүний үр дүн шинэ төмөр зам 8 сарын хугацаанд хийгдсэн. Үүнийг 16 жил гацааж болдог гэдгийг бид харсан. Удирдах зөвлөлийн гишүүдэд саяны ярьсан зүйлээ хэлсэн, Удирдах зөвлөл надад улс төрийн эрх олгосон.

-Жагсаал үдээс хойш зохион байгуулалттай зүйл рүү орсон гэж хэлсэн. Нүүрсний хулгайчид оролцсон бол хариуцлага тооцох уу?

-Тийм зүйл болсон. Холбогдох мэдээллүүдийг хуулийнхан өгсөн. Нягтлах ажил хийгдэж байна. Хүн бүхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зүй ёсны асуудал. Хуулийнханд өчигдөр хүч хэрэглэж болохгүй гэж даалгавар өгсөн, тэдний хувьд ч сайн ажилласан. Цаашид улс төрийн зорилгоор жагсаал цуглааныг ашиглах гэсэн, халдах асуудал гардаг. Тиймээс цаашид долдугаар сарын 1-н шиг эмгэнэлтэй байдлыг гаргахгүйн тулд анхааралтай байх ёстой. Зохион байгуулалттай ажил хаялт зарлаж, жагсаалт оролцох и-мэйл явсныг зохион байгуулалттай гэж үзнэ. Мөн зарим буудалд мөнгө тараасан. Нүүрсчид жагсая гэвэл зөвшөөрлөө аваад жагсч болно. Яагаад заавал урд талдаа залуучуудыг бариад байгаа юм бэ. Ил гарч ирээд үгээ хэл л дээ. Оюутолгой, Хөгжлийн банк зэрэг асуудлууд, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Монгол гээд олон хүний эрх ашгийг зөрчсөн хүн болоод байна гэж өөрөө бодож байна. Тэр хүмүүсийн хэнтэй ч хувь хүний хувьд муудалцах гээгүй. Дараагийн 30 жил зөв байгаасай гэж арга буюу арга хэмжээ авч байгаа. Хувь хүний хувьд бодож л байна. Бид хэн нь ч хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирснийг л өөрчилж, сайн засаглал бий болно гэж үзэж байгаа юм. Янз бүрийн байдлаар дайралт ирдэг ч эмзэглээд байдаггүй. Мэдээллийг заавал нягталж байгаарай гэж ард түмнээсээ хүсье.

-Тогтолцооны шинэчлэл хийнэ гэж хэллээ. Магадгүй 2023 онд УИХ-ын сонгууль хийх нөхцөл үүсэх үү?

-УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал учраас үндэсний хэмжээний зөвшилцөл, улс төрийн намууд, иргэний нийгмийн зөвшилцөлд хүрэх ёстой. Энэ агуулга нь ирээдүйн 30 жилд хэрэгтэй. Бусад намуудаас гарсан саналуудыг дэмжинэ, улс төрийн шийдвэр гаргасан. Цаг алдалгүй ярилцах ёстой. Шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, дагах хууль батлаад 2024 оны сонгуулиас өмнө хийгдэх нөхцөл үүсвэл миний хувьд бэлэн байна.

-Нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Хуулийн байгууллагын удирдлагуудтай хэд хоногийн өмнө хэд хэдэн хэргийн талаар ярилцсан. Шүүхэд нөлөө үзүүлж болохгүй ч иргэний хувьд яаж шийдэхийг нүд цавчихгүй харж байгаа гэсэн. Миний ойлгож байгаагаар прокуророос шүүх рүү шилжихэд ойрхон болсон гэж ойлгосон. Хуулийн байгууллагаас сунжруулахад юу нөлөөлдөг вэ гэж асуухад энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эрх зүйн орчин гэж тайлбарласан. Бид та бүхний баталж өгсөн хуулийн дагуу ажиллаж байгаа. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тодорхой заалтыг өөрчлөхөөр Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Засгийн газар мөрдөх байгууллага, шүүх, прокурорын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй. Засгийн газар материалуудыг нь гаргаж өгч чадах хирээрээ ажиллаж байна. Нүүрсний хулгайтай холбоотой том ажлын хэсэг гарсан учраас том үр дүн гарсан. Хөгжлийн банкны асуудал том үр дүн гаргасан учраас энэ асуудал эцэслэгдэн, шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Харилцан эрх зүйн туслалцаа авах тал дээр хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа сайн явж байна. Сандарч байгаа хүмүүст хандаж хэлэхэд, ухрахгүй, айхгүй, ямар нэг байдлаар гэмээ хаацайлах гэж энгийн залуучуудыг битгий турхир. Монголд эрх зүйт төр гэж байгаа бол хулгай хийсэн бол шийтгэгдэнэ. Дэлхийд ч адилхан. Эрдэнэ Монгол, Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой, Хөгжлийн банк шийдэгдэхэд Монголын том асуудал шийдэгдэж байна гэв.

 

 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ