“Гэртээ зүгээр суулгүй гадуур гар” гэж эмчийнхээ зөвлөсөнөөр метал илрүүлэгч худалдан авч нэгэн уул тойрон алхсан 51 настай Боре 1500 жилийн настай ховор үнэт эдлэл олжээ хэмээн ABC news мэдээллээ. Норвеги эр зүгээр сууж байхын оронд ямар нэгэн хоббитой болохыг хүсэн метал илрүүлэгчээр хайлт хийж байхдаа шороонд булагдсан задгай мөнгө л олдох байх гэсэн бодолтой байжээ. Гэтэл Норвегийн өмнөд хэсэгт орших Ставангер хотын ойролцоох Реннесоэй арлаас 1500 жилийн өмнөх гоёл чимэглэлийн үнэт эдлэл болох есөн зүүлт, гурван бөгж, 10 алтан сувд олжээ. Ставангерийн их сургуулийн Археологийн музейн захирал Оле Мадсен "Ийм их алт нэгэн зэрэг олдсон нь үнэхээр гайхамшигтай зүйл болж байна" гэж хэлсэн. Норвегийн хуулийн дагуу 1537 оноос өмнөх эд зүйлс, 1650-иас дээш настай зоосыг төрийн өмчид тооцдог тул хүлээлгэн өгөх ёстой аж. Боре олдвороо Музейн дэд профессор Хакон Рейерсенд аваачиж үзүүлжээ. Тэрээр алтан унжлагатай хүзүүний зүүлт нь Норвегид МЭӨ 400-550 оны хооронд үргэлжилсэн Европын цагаачлалын үеийн эдлэл байна хэмээн тодорхойлжээ. Алтан унжлагат хүзүүний зүүлт ба алтан сувд нь чадварлаг дарханы урласан, нийгмийн хамгийн баян хүмүүсийн эдэлдэг "маш үзэмжтэй хүзүүний зүүлт"-ийн нэг хэсэг байсан гэж тодоройлсон байна. Тэрээр "Норвегид 19-р зуунаас хойш үүнтэй төстэй нээлт хийгдээгүй бөгөөд энэ нь Скандинавын нөхцөлд маш ер бусын нээлт" гэж профессор үзжээ. Профессор Зигмунд Оерл хэлэхдээ, одоогийн байдлаар Норвеги, Швед, Даниас 1000 орчим алтан зүүлт олдсон. Түүний хэлснээр унжлага дээрх тэмдэгтүүд нь ихэвчлэн Норвегийн бурхан Одины бэлэгдлийг дүрсэлсэн байжээ. Уг олдворыг Осло хотоос баруун өмнө зүгт 300 км-ийн зайд орших Ставангер дахь Археологийн музейд шилжүүлэхээр төлөвлөжээ.