Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдаанд холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдийн үйлдлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас шалгаж, шийдвэрлэжээ.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т заасан “...бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх...” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр улс, аймгийн цолтой гурван бөхөд Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1 /Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих/-д заасны дагуу 500 мянган төгрөгөөр, аймгийн цолтой нэг бөхөд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 /Хүний биед халдах/-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан байна.
Харин улсын цолтой 1 бөхийн "барилдаанд унахдаа зүй бус үйлдэл гаргасан" гэх асуудлыг холбогдох баримтуудаар тогтоогдоогүй үндэслэлээр татгалзаж шийдвэрлэжээ.
Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс жаяг, бөхийн жудаг сахиагүй, өрсөлдөгч бөх, наадамчин үзэгч олныг үл хүндэтгэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог тул холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг бөхчүүдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ авч хэрэгжүүлэх, мөн дээрх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
0 сэтгэгдэлтэй