“Тавантолгой түлш” ХК-иас сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийлээ. 2023-2024 оны галлагааны улирал эхэлж буйтай холбоотой нийслэлд шахмал түлшний 492 борлуулалтын цэгээр 3100 тонн түлшийг есдүгээр сарын 15-н буюу өнөөдрөөс айл өрхийн хэрэгцээнд борлуулж эхэлжээ.
Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянга гаруй өрх өнөөдрөөс галлагаагаа эхлүүлж байна. Галлагааг эхлүүлэхийн өмнө иргэдэд дараах зөвлөгөөг өглөө. Үүнд:
- Зун их бороо орсон тул галлагаа эхлэхийн өмнө яндангаа хөөлж, цэвэрлэх
- Зуухны угаарын хий мэдрэгчийг ажиллуулах
- Зуухны бүрэн бүтэн байдлыг хангах
- Айл өрхүүд гэр, байшингаа дулаалж өвөлд бэлдэх
Угаарын хий мэдрэгчийг алга болгосон, үрэгдүүлсэн айлууд зах зээлд худалдаж байгаа мэдрэгчийг хувиараа худалдаж авах шаардлагатай. Угаарын хий мэдрэгчгүй айлд шахмал түлшний карт олгохгүй гэдгийг анхааруулав.
Хавар,намрын бороотой үед угаарын хийтэй холбоотой дуудлага ихэсдэг. Бороо орох үед айлууд зууханд түлш бүрэн шатаагүй байхад яндангаа хаадаг нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Галлагаатай холбоотой асуух зүйлээ Тавантолгой түлш ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 70119400 утсаар тодруулах боломжтой.