Хохирогч эмэгтэй Жулеби Ранарагийн шатаасан цогцос элсэн цөлөөс олдсоны дараа энэ оны нэгдүгээр сард 17 настай Турки Айед Аль Азмийг цагдаа нар баривчилсан юм.
Задлан шинжилгээгээр 35 настай Ранара үхэх үедээ жирэмсэн байсныг тогтоож байв. Азмид насанд хүрээгүй шалтгаанаар хөнгөн ял оноосон, 30 хоногийн дотор давж заалдах эрхтэйг Филиппиний гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ. “Амиа алдсан нутаг нэгтний маань хэргийг хурдан шийдвэрлэж, шударга ёс тогтоохын төлөө Кувейтийн эрх баригчид хүчин чармайлт гаргасныг Филиппиний засгийн газар хүлээн зөвшөөрч байна” гэж тус яамны мэдэгдэлд өгүүлсэн байна. Уг хэргийн дараа энэ оны хоёрдугаар сард Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос Жр анхан шатны үйлчилгээний ажиллах хүчийг Кувейт улсад гаргахаа түр зогсоох шийдвэр гаргаж байжээ.
Хариуд нь Кувейт улс Филиппиний иргэдэд бүх төрлийн виз олгохоо зогсоосон юм. Дөрвөн хүүхдийн ээж эмэгтэй ажил олгогчийнхоо гарт зэрлэгээр алагдсан энэ хэрэг хоёр орны дипломат харилцаанд ноцтой маргаан үүсгээд байв.
Филиппин улсын 100 сая гаруй хүн амын 10 орчим хувь нь гадаадад ажил хөдөлмөр эрхэлж, ар гэртээ илгээсэн мөнгө нь улсынхаа эдийн засагт чухал нэмэр болдог.
Өнгөрсөн онд Кувейтээс Филиппинд илгээсэн мөнгөний хэмжээ $597 саяд хүрч байжээ.
Кувейт улсад одоо Филиппиний 250,000 гаруй иргэн голдуу гэрийн үйлчлэгчээр ажилладаг.
2016 оноос хойш тэдгээрээс 196 нь амиа алдсан ба үүний 80 орчим хувь нь бие махбодын халдлага, хүчирхийлэлтэй холбоотой байсныг Филиппиний албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Ранарагийн аллагын хэрэг шийдэгдсэнтэй холбоотойгоор Кувейтийн талтай визийн хоригийг цуцлах асуудлаар яриа хэлэлцээ эхлэх гэж байгаагаа Филиппиний гадаад хэргийн яам мэдэгджээ.
2018 онд Кувейт улсын нийслэлд амьдардаг Ливаны иргэний гэрээс хөргөгчид хадгалсан филиппин ажилчны цогцос олдож байв.
Энэ хэргийн улмаас тухайн үеийн Филиппиний ерөнхийлөгч байсан Родриго Дутерте ажиллах хүч нийлүүлэхийг хориглож байжээ.
Хоёр улс Филиппиний иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтарч ажиллахаар тохиролцсоны дараа уг хоригийг цуцалсан юм.
0 сэтгэгдэлтэй