Норвегийн археологичид эртний онго шүтэгчийн сүмийн балгасаас Скандинавын бурхдыг дүрсэлсэн 35 ширхэг алтан пайз олжээ.
Science Norway сэтгүүлд дурдсанаар, бичгийн цаас шиг нимгэн, дөрвөлжин пайз нь Фрой бурхан, Герд дарь эхийг дүрсэлсэн хээтэй бөгөөд МЭ 550 онд эхэлж, Викингийн эрин хүртэл үргэлжилсэн меровингчуудын үед хамаарах олдвор болох нь тогтоогджээ. Энэхүү алтан пайзыг шашны өргөл барьцаар ашигласан байж магадгүй аж. Алтан олдворт нүх байгаагүйгаас харвал гоё чимэглэлийн зориулалтаар ашиглаагүй бололтой.
“Энэ бол үнэхээр өвөрмөц олдвор. Алтан пайз тус бүр хумсны толион чинээтэй” гэж малтлагыг ахалсан археологич Кэтрин Стен ярьжээ.
Норвегийн өмнөд нутагт орших Хов тосгоны байшингийн тулгуур баганыг тогтоож байсан нүхэн дотроос хэд хэдэн алтан пайз олсон бол бусдыг нь барилгын ханан дороос олсон байна. Археологичид тус байшинг аль 1993 онд олж малтлага хийн хоёр алтан пайз олсон бөгөөд 2000 оны эхээр 28 ширхэг алтан олдворыг илрүүлжээ.
Норвег болон Скандинавын бусад орнууд, тэр дундаа Данийн Борнхолм, Шведийн Уппакра дахь онго шүтэгчийн сүмээс ижил төстэй алтан тэмдэг олдож байсан аж.
0 сэтгэгдэлтэй