728 x 90

7.3 тэрбумын эзэн С.Батдөлийн ялаас хоёр жилийг нь хасжээ

7.3 тэрбумын эзэн С.Батдөлийн ялаас хоёр жилийг нь хасжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураан авсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл нар анхан шатны шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Тэдний гомдлыг өчигдөр хэлэлцлээ.

Хэд хэдэн аж ахуйн нэгжийн удирдлага нүүрсээ вагонд ачуулж өмнөд хөрш рүү хилээр гаргахын тулд С.Батдөлд 28 000-86 000 ам.доллар буюу нийт 1.8 тэрбум гаруй төгрөгийн хахууль өгсөн бөгөөд тэдгээр компанийн эрх бүхий албан тушаалтан болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Эрдэнэхүү, Б.Энхмандах, Ж.Багамонгол, С.Батдөлийн ах С.Баттулга нарт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар сарын 7-нд хариуцлага хүлээлгэсэн.

Тодруулбал, С.Батдөлийг хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь долоон жил хасаж, 12 жил хорих ял оноосон юм. Түүний ах С.Баттулгыг хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаасан гэж дүгнэн нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, таван жил хорихоор болсон билээ. Хахууль өгсөн аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Р.Эрдэнэхүү, Ж.Багамонгол нарыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 10-14 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.

Мөн эд мөрийн баримтаар хураагдсан нийт 7.3 гаруй төгрөгтэй тэнцэх ам.доллар, юань, евро (9390 ширхэг юань буюу 274 287 000 төгрөг, 16 363 ширхэг ам.доллар буюу 5 431 297 683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198 006 000 төгрөг, мөнгөн дэвгэрт 1 425 370 000 төгрөг нийт 7 328 960 683)-г улсын орлого болгохоор болсон билээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч С.Батдөлийн өмгөөлөгч Д.Амаржаргал, С.Мөнхтулга, Г.Анхбаяр, Б.Мөнхбат, С.Баттулгын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тэргүүтэй өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан бөгөөд өчигдөр болсон хурлын үеэр цахимаар оролцож буй энэ хоёр үйлчлүүлэгчийнхээ хамт үндэслэлээ тайлбарласан юм. Ингээд шүүх бүрэлдэхүүн магадлалаа гаргаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын С.Батдөлд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, С.Батдөлийн мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийн зэрэгцээ хахууль авсан хэрэгт оноосон ялаас тус бүр нэг жилийг нь хасжээ. Ингэснээр С.Батдөлийн хорих ялыг 10 жил болгож багасгалаа. Харин С.Баттулга тэргүүтэй бусад шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарынх нь гомдлыг хэрэгсэхгүй болгов.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ