Афганистанд өнөө өглөө дахин 6.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Энэ удаад газар хөдлөлтийн голомт нийслэл Гератаас 28 км зайд, 10 км гүнд байжээ.
Сүүлийн газар хөдлөлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй ч хот, тосгодоос бараг юм үлдээгүй гэж үзэж байна. Амьд үлдэгсэд нь экскаватороор газар ухаж, нас барагсдаа бөөнд нь оршуулж байна. Газар хөдлөлтийн улмаас 2000 орчим байшин, 20 гаруй тосгон нурж сүйджээ. Тухайн бүс нутагт төрийн мэдлийн эмнэлэг ганцхан байдаг ажээ. Афганистаны баруун хэсэг, Ираны хилийн ойролцоо Бямба гаригт 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр олон зуун хүн амь үрэгдсэн. Газар хөдлөлтийн голомт Гератаас баруун хойд зүгт 40 км зайд болжээ. Талибаны засгийн газар эхэндээ амиа алдагсдын тоо 2000 давсан байх магадлалтай гэж мэдэгдсэн ч сүүлд нь энэ тоонд шархадсан хүмүүс ч багтсан гэжээ. Харин "The Guardian" цахим хуудаснаа мэдээлснээр, 2060 хүн нас барж, 10 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Афганистан нь газар хөдлөлтөд байнга өртдөг. Ялангуяа Еврази ба Энэтхэгийн тектоник хавтангийн уулзварын ойролцоо оршдог Хиндукуш ууланд ойр ойр газар хөдөлдөг. Өнгөрсөн оны зургадугаар сард л гэхэд Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр 1000 гаруй хүн амиа алдаж байв.
0 сэтгэгдэлтэй