728 x 90

"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг болон зарим компанийн захирлыг баривчилжээ

"Эрдэнэс Тавантолгой"  компанийн захирал асан  Б.Ганхуяг болон зарим компанийн захирлыг баривчилжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Жагсагчид  “Нүүсрний хулгайчидтай  тэмцэх, тэдний хөрөнгийг хураах нэрийг нь олон нийтэд ил болгох арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардсан. Энэ дагуу ажлын хэсгийн өргөтгөсөн  штаб байгуулж, үүнд орон нутагт байгаа эрүүгийн цагдаа нарыг дайчилан “Нүүрсний” хэргийг илрүүлэх ажиллагаанд оролцуулах болсон. Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ   өчигдөр жагсагчидтай уулзахаар гарч ирж “Энэ жагсаалын ард “Эрдэнэс Тавантолгой” компанийн хуучин удирдлагууд байж магадгүй гэж  мэдэгдсэн. Энэ явдлын дараа  Нүүрсний хэргийг илрүүлэх штаб байгууллагдаж  Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран  урьд шөнө энэ хэрэгт холбогдуулан  нэр бүхий хүмүүсийг баричвилсан гэх мэдээлэл байна.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол   прокурорын зөвшөөрлөөр  найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэдэг мэдээлэл байна. Тодруулбал,"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан гэнэ. Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрчээ. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа гэнэ"Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшингийн гэрээс Хятадын банкны тэмдэг 100 мянган ам.доллар, 70 сая төгрөг, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн гэрээс 300 сая төгрөг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн гэрээс тусгай төхөөрөмж илрүүлэгч гарч ирсэн байна. "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг баривчлах гэсэн боловч тэрбээр хотод байгаагүй тухай эх сурвалж хэллээ.


Б.Ганхуягийг үүрээр саатуулжээ

 "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг үүрээр саатуулсан байна. Энэ хүн 2017 оноос эхлэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад Засгийн газраас энэ оны аравдугаар сард тус компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллах болсны дараагаас чөлөөлөгдсөн юм. Түүнийг АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухайгаа өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд 48 цагийн хугацаатай саатуулжээ.  Мөн түүнийг нүүрсний хамааралтай хэд хэдэн компаниар мөнгө угаасан хэмээн үзэж буй тухай эх сурвалж мэдээлж байгаа юм. Хэдэн өдрийн өмнө Б.Ганхуягийн "но" эхнээсээ гарч утас цааш хэрхэн хөврөх нь ойлгомжтой болоод байна хэмээн МАН дотор яриа гарч байсан.  Иргэдийн жагсаалыг түүнийг зохион байгуулсан гэх хардлага ч байсан юм. Засгийн газар  сарын өмнөөс шалгаж байсан энэ хүнийг  гэнэт баривчилсан нь жагсаалтай холбоотой юу , “Нүүрс”-ний хэрэгтэй холбоотой юу гэдэг нь тодорхойгүй байна. Хамгийн ноцтой нь манай УИХ-ын гишүүд хоёр хуваагдаж зарим нь ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг хамгаалж яваа бол зарим нь улсын төсөвтэй дүйцэхүйц мөнгөн хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй хүмүүсийн үйлдлийг шалгах нь зүйтэй хэмээж байгаа гэх яриа бий. Учир нь МАН-ын хөшигний ард ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатыг Д.Ариунболдтой хэргийг нам даруулсан гэгдээд өнгөрч байв. Тэгвэл эдүгээ эл агуулгыг дахин сөхөх чиглэл томчуудын хүрээндээ нэлээд идэвхтэй яригдаж буй аж.  Б.Ганхуягаар нүүрсний акц эхлэж байгаа бол "Ажнай" Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн тухай яригдаж эхэлсэн байна. 

Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, Т.Мөнхбаяр


 “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр нарын хэрэг АТГ-т удтал дарагдаж байна. Түүнд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас буцааж байсан ч дахин шинэ хавтаст хэргүүд нэмэгджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрсөн есдүгээр сард АТГ-аас Т.Мөнхбаярын хувийн оффист нэгжлэг хийсэн. Баянхонгорын фракц хүчээ авахтай зэрэгцэн албан тушаал ахисан түүний хэргүүд 2018 оны 12 сард ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч Х.Баттулга нар Салхитыг төрийн мэдэлд авсан сүр дуулиант үеэс эхтэй. Т.Мөнхбаяр нь Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилогдсоноос хоёр сарын дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 02-нд “Империал гоулд майнинг” ХХК-иар дамжуулан Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Улстөрчдийн хамааралгүй л бол жирийн бизнес эрхлэгчдийн зүүдлээлд ч олдохгүй 16 тэрбумын зээл нь чанаргүй зээлийн ангилалд орж, эргэн төлөлт хийгдээгүй. Зээл авсанаас нэг сарын дараа буюу 2019 оны 05 дугаар сард байгуулагдсан “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Т.Мөнхбаяр энэ үеэс өрөө төлж, төрийн өндөр албан тушаалтнуудын сонгуулийн зардал босгох үндсэн ажиллагаа нь өрнөсөн дүр зураг харагдана. Түүний гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдохдоо өгсөн ХОМ-т дурдсанаар 2019 онд 39 сая 463.000 төгрөгийн орлоготой байсан бол 2020 онд 98 сая 040.000 болж нэмэгджээ. 2019 онд 6 тэрбум 270 сая төгрөгийн 8 үл хөдлөхтэй байсан бол жилийн дотор тэрбумаар нэмэгдэж, 2020 оны байдлаар 7 тэрбум 523.700.000 төгрөгөөр үнэлэгдэх 10 үл хөдлөх, объекттой болж өссөн байна. Мөн 730 саяас 630 сая төгрөгийн автомашинтай, 2.3 тэрбумын хурдан удмын адуу, малтай. 100 саяын газартай, 870 саяын үнэт эдлэлтэй. Хамгийн сонирхолтой нь тэрээр 5 тэрбумын авлагатай гэдгээ хоёр жил дараалан ХОМ-тээ дурджээ. Тэрбээр орон нутагт байгаа сурагтай.

Дээрх баривчлагдсан хүмүүс бол зөвхөн “Нүүрсний хэргийн” ёроол нь. Жинхэнэ мөсөн уулын орой нь далд байсаар л байна. Үнэндээ “Нүүрсний хэргийн эздийг “  Засгийн газар мэдэж байгаа гэдэг. Баривчлагдсан хүмүүс бол өмнө нь яригдаж байсан, шалгагдаж байсан хүмүүс байгаа юм.   Жич: 14 цагийн үед "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг баривчласан гэх мэдээллийг бид авсан юм. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ