Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ.
1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан гэж үздэг. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэ үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлахаар тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл илэрхийлдэг уламжлал тогтсон юм. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, нийслэлийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцлоо.
0 сэтгэгдэлтэй