Монголын сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн Эздийн холбооны үл ойлголцлоос болж тамирчин, тоглогчдын эрх ашиг хохирч байгаа талаар Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн нийт тамирчид мэдээлэл хийлээ.
Монголын сагсан бөмбөгийн тамирчдын "Ирээдүй" холбооны төлөөлөл, найман багийн тамирчид хэвлэлийн хуралд оролцов. Хурлын үеэр Г.Баттөр "Хоёр холбооны үл ойлголцлоос болж тамирчид тоглох боломжгүй боллоо. Бид нэгдсэн нэг холбоонд тоглох хүсэлтэй байгаа. Холбооны шийдвэрийг сайн мэдэхгүй байна. Бид хоёр холбоонд хүсэлтээ тавьсан. Аль нэгнийх нь талд биш. Бид хоёр лигтэй байж үзсэн. Тоглож үзсэн хүний хувьд сагсан бөмбөгийн хөгжлийг хойш нь татах арга хэлбэр гэж хардаг. Одоогоор тамирчдын холбоо олонхын шийдвэрээр явж байна. Хэрэв холбоо тусдаа тэмцээн зохиохоор бол бид яах талаар ярилцаж байж шийднэ" гэв.
Мөн Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Билгүүн "Манайд баг лигт орох нь хэвээрээ боловч тамирчид нэг байр суурьтай байх ёстой. Тамирчид нэг лигтээ тоглохоор бэлтгэлээ хийж байсан ч тулсан үед ийм шийдвэр гарч байгаа нь харамсалтай байна. Тамирчид нэг лигт тоглох хүртэл би Хүлэгүүд багийн бүрэлдэхүүнд тоглохгүй" хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн хэвлэлийн хуралд Э.Цэрэнбаатар, Т.Санчир, О.Эрдэнэцогт, А.Энхбаясгалан нар оролцсон. Тамирчид одоогоор хоёр холбоодтой биечлэн уулзаагүй байгаа гэнэ.
0 сэтгэгдэлтэй