Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгох тухай хуулийн төсөл яригдаж байна. Төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, иргэд хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явдаг болох тухай ярьж байгаа юм. Хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон тухай Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэв. Тэрбээр "Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хууль хэрэгжүүлэх нөхцөлөө бэлдэж байгаа. Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн урд талд 500 орчим автомашины зогсоолын барилгын ажил хийж байгаа. Арваннэгдүгээр сарын 10-нд ашиглалтад орно. Зүүн дөрвөн замаас зүүн тийш хувийн ААН, байгууллагуудаас авто зогсоолын газар авах, ашиглах уулзалтуудыг хийж байна. Баруун дөрвөн замын баруун талд автомашины зогсоол барих газар судалж байна. Хан-Уул дүүргийн урд талд ААН-үүдтэй эхний хэлэлцээр эхэлсэн. Бүс дотроо алхах, дугуй, скүүтер унах замуудыг зэрэгцүүлж засах зэрэг бэлтгэл ажлыг хийж байна. Бидний өргөн барьсан буй хууль муухай харагдаж болно. Гол нь авто замын түгжрэлийг бууруулах нь чухал" гэж хэлж байгаа юм.
0 сэтгэгдэлтэй