АНУ-д генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн зүрх шилжүүлэн суулгасан дэлхийн хоёр дахь өвчтөн мэс засал хийлгэснээс зургаан долоо хоног орчмын дараа нас баржээ. Энэ тухай уг мэс заслыг хийсэн Мэриленд муж улсын Их сургуулийн дэргэдэх анагаах ухааны төвийн цахим хуудсанд мэдээлсэн байна. "Генийг нь өөрчилсөн гахайн зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн дэлхийн хоёр дахь хүн болох Лоуренс Фосетт 58 насандаа нас барсныг мэдэгдэж байгаадаа гүнээ харамсаж байна" гэж тус төвийн мэдэгдэлд дурджээ. Зүрхний эдгэршгүй өвчтэй байсан уг эрэгтэй есдүгээр сарын 14-нд зүрхний архаг дутагдал нь эцсийн шатандаа орж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд мэс засалд орохын өмнөхөн зүрх нь зогсож, сэхээн амьдруулах эмчилгээ хийсэн байна. Түүний биеийн байдал маш хүнд байсан тул "зүрх шилжүүлэн суулгах уламжлалт мэс заслыг хийх боломжгүй" байжээ. Гэвч эмч нар "насыг нь уртасгах итгэл найдвар тээн" туршилтын мэс засал хийх зөвшөөрлийг авч чаджээ. Генийн хувьд хувиргасан гахайн зүрхийг шилжүүлэн суулгах мэс заслыг түүнд есдүгээр сарын 20-нд хийсэн байна. Зүрх шилжүүлэн суулгасны дараа өвчтөн зургаан долоо хоног амьдарчээ. Энэ хугацаанд түүний биеийн байдал илт сайжирч, тэрбээр эмч нарын бүх зөвлөгөөг дагаж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, түүгээр барахгүй "эхнэр Аннатайгаа хөзөр тоглож" байжээ. Гэвч сүүлийн өдрүүдэд шилжүүлэн суулгах мэс заслын хамгийн том асуудал болох шилжүүлэн суулгасан эрхтнийг бие организм хүлээж авахгүй байх шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Эмч нар түүний амь насыг аврахын тулд чадах бүхнээ хийсэн боловч Фоссет аравдугаар сарын 30-нд нас барсан байна. Генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн зүрх шилжүүлэн суулгасан анхны хүн мэс засал хийлгэснээс хойш хоёр сарын дараа өнгөрсөн гуравдугаар сард нас барсан юм. Тавдугаар сарын эхээр Мэрилэндийн их сургуулийн судлаачид уг өвчтөний цогцсыг нарийн шинжилсний дараа зүрхнээс герпес омгийн гахайн цитомегаловирусийг илрүүлсэн гэж олон нийтэд мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч эрдэмтэд уг вирус өвчтөний нас барсан шалтгаан болсон гэдгийг баттай нотолж чадаагүй байна.
0 сэтгэгдэлтэй