Авто тээврийн үндэсний төвөөс “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум өнөөдрөөс эхлэн тав хоног үргэлжлэх юм. Шангри-Ла зочид буудлын их танхимд зохион байгуулагдах чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэх юм байна. Форумд Засгийн газрын зургаан сайд оролцон бодлогоо танилцуулах аж. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын Сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар форумд оролцох аж.
Эхний өдрийн хуралдаанаар “Тээврийн холболтыг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох боломжууд”-ын талаар хэлэлцэх юм байна. Ийнхүү өдрийн турш үргэлжлэх форумд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шэннон Коулин, Европын сэргээн босголт хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ханнес Такач, Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли нар илтгэл тавин хэлэлцүүлэгт оролцох юм байна.
Бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, гааль, тариф, хилийн горим журам, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах зорилгоор энэхүү форумыг зохион байгуулж буй аж. Энэ хүрээнд “Олон улсын тээврийн форум”-аас Азийн бүсийн өндөр түвшний хоёр дахь удаагийн яриа хэлэлцээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн тээврийн салбарын нүүрсхүчлийн хийг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй байдлыг нэмэгдүүлэх санаачилга, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж буй байдал болон зам, тээврийн үйлчилгээний тогтвортой байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн олон улсын сайн туршлагаас хуваалцах ажээ.
0 сэтгэгдэлтэй