Нүүрсний сонсголын түр хорооны хурал 12.00 цагаас эхлэлээ. Хурал 11.00 цагт эхлэх товтой байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн шалтгаанаар хуралдаан нэг цаг хойшилсон юм. Түр хорооны хурлын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Одоо хэрэг нь шалгагдаж байгаа хүмүүс, тэр тусмаа "Эрдэнэс-Тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг энэ сонсголд оролцуулах хэрэгтэй. Өнөөдөр шүүхээр шийтгэгдэж буруутан болоогүй учраас хуулиар хязгаарласнаас бусад хэмжээнд мэдээлэл өгөх боломжтой гэж бодож байна. Ингэж байж ард түмэн бодит мэдээлэл авна. Ингэхгүй бол цар хүрээг нь хумьсан, бэлтгэсэн мэдээллийн хүрээнд сонсгол болох магадлалтай" гэлээ. Хариуд нь түр хорооны дарга Б.Энхбаяр “Б.Ганхуяг захирал нүүрсний сонсголд гэрчээр оролцох эсэхийг бид одоо шийдэхгүй. Хяналт шалгалтын даалгаврыг эрчимжүүлэх тогтоол ярьж байгаа. Сонсгол болохоос өмнө гэрч, оролцох хүмүүсийг шийднэ. Тэр үед яригдана” гэв.