Цаг агаарын байдал болон орон нутгийн замын цас цэвэрлэгээ зэрэг асуудлаар УОК-оос мэдээлэл өглөө.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд орсон хүчтэй цасан шуурганы улмаас монгол орны нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 34см, Архангай, Увс, Завхан аймагт байна.
Цасан шуурганы үеэр 12 аймгийн 24 суманд 46 дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 38 иргэнийг эсэн мэнд олж, найман иргэн амь насаа алдсан харамсалтай явдал боллоо. Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян суманд иргэд амь насаа алдсан. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Алдааг давтахгүйн тулд аймгийн болон сумын онцгой комисс, мэргэжлийн ангиудаар дамжуулан сэрэмжлүүлэг, мэдээллийг өгч байна.
Хамгийн хүндрэлтэй нөхцөл үүссэн Төв аймгийн Эрдэнэсант суманд аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг, нийт нутаг дэвсгэрт долоон ажлын хэсэг үнэлгээ дүгнэлтүүдээ хийж байгаа.
Тус суманд туулах чадвар сайтай машинаар малчдыг өвөлжөө рүү нь нүүлгэх, зам гаргах болон шатахууны дэмжлэгийг хүргэж байна. Амь насаа харамсалтайгаар алдсан иргэдийн ар гэрт эхний ээлжид таван сая төгрөгийн дэмжлэгийг УОК-оос өгөх шийдвэрийг гаргалаа.
Цаашид цас их орж зам даваа хаагдах эрсдэл бий учир малчдад хүнс, малын тэжээл хүргэх төлөвлөлтийг хийж байна.
11 аймгийн олон улсын болон улсын чанартай авто замуудын цасыг АЗЗА компаниуд цэвэрлэж байгаа. Өнгөрсөн цасан шуурганаар 10 аймгийн найман суманд 40 орчим удаагийн дуудлагаар цасанд суусан иргэдийг татан гаргах ажлыг зохион байгуулж, 120 иргэний амийг авран хамгааллаа.
Халтиргаа гулгаатай үед орон нутгийн замд зорчихдоо бага насны хүүхэд авч явахгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй гарахгүй байхыг зөвлөе.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, цасаар шуурах, Алтайн салбар уулс болон говийн нутгуудаар хүчтэй шуурах төлөвтэй байна" хэмээн ярилаа.
0 сэтгэгдэлтэй