Хан-Уул дүүргийн Яармагт байдаг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд 17 хүүхдэд тариаг нь сольж хийсэн гэх асуудал үүсч, Цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа. Тодруулбал,ЭХЭМҮТ II буюу Яармагийн 300 ортой хүүхдийн эмнэлэгт өчигдөр орой /2023.11.23/-ны 22 цагийн тариа андуурч хийгдсэн байж болзошгүй гэж сахиур эцэг эхчүүд гомдол гаргасан. Учир нь тухайн цагт тариа хийлгэсэн хүүхдүүдийн биед хариу урвал үзүүлсэн юм байна. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ЭХЭМҮТ-2 эмнэлгээс мэдээлэл хийлээ.
Тус эмнэлгийн эмчилгээ хариуцсан захирал Н.Цэгмид:
"Өчигдөр оройны 22 цагийн тариан дээр 17 хүүхдэд урвал гарсан гэж үзэж байна. Эдгээр 17 хүүхэд нь манай эмнэлэгт хэвтээд 4-5 хонож байгаа. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 400 орчим хүүхэд хатгалгааны эмчилгээ хийлгэж байгаа. Тэдгээр хүүхдүүдэд адилхан хийгдэж байгаа эм тариа байгаа. Гэтэл бусад хүүхдүүдэд өөрчлөлт гарсангүй. 00 цагийн үед эдгээр 17 хүүхэд өндөр халуурсан, чичирхийлсэн байдалтай байсан. 2-3 цагийн дотор хүүхдийн эрчимт эмчилгээний бүх эмч нарыг дуудаж, нэг хүүхдэд нэг эмч оногдохоор тусламж үзүүлсэн. Үүний хүрээнд 2-3 цагийн дараа хүүхдүүдийн халуун буурч, тогтворжсон.
Уг тариаг хийсний дараа урвал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаа. Тухайн тариаг найруулсан бодисыг хурааж авсан. Уг тариа нь бусад хүүхдүүдэд хийж байгаа тариатай ижил сер дугаартай учраас тариатай холбоотой биш гэж дүгнэж байна. Стандарт буюу үйлчлүүлэгчийн хажууд тариаг задлаж, тайлбарлаж өгч хийх ёстой байдаг. Магадгүй тухайн тариа хийсэн сувилагч стандарт зөрчсөн эсэхийг эцэг эх, асран халамжлагчдаас тандалт авсан. Зарим нь гаднаас тариагаа барьж авч ирээд задлаад хийсэн байна. Зарим нь гаднаас найруулчихсан орж ирсэн байна. Тэгэхээр стандарт алдагдсан байх магадлалтай байна. Сувилагчтай холбоотой асуудал байвал хариуцлага тооцно. Хүүхдүүдэд хийсэн тариа нь 2024 оны 2-р сард дуусах хугацаатай байсан. Буруу тариа хийгээгүй. Хийсэн тарианы дээж хадгалагдсан. Тэдгээр 17 хүүхдийг насанд хүртэл нь манай эмнэлэг биеийн байдлыг нь хянахаар эцэг эхчүүдэд амлаад байна" гэлээ.
0 сэтгэгдэлтэй