“Road to ONE Mongolia” шоуны ялагч Баатархүүгийн Энх-Оргилын ээлжит тулааны тов гарчээ. Тэрбээр Тайландын нийслэл Бангкок хотод ирэх оны нэгдүгээр сарын 13 буюу Шинэ үндсэн хуулийн өдрөөр 65.8 кг-ын жингийн чансааны тавдугаарт эрэмбэтэй ОХУ-ын тулаанч Артем Белахтай тулалдах гэж байна. Артем Белах нь холимог тулааны рингэнд 10 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн бөгөөд аравдугаар сард гартаа мэс засал хийлгэснээс хойш рингэнд гараагүй аж. Б.Энх-Оргил нь энэ оны дөрөвдүгээр сард холимог тулааны анхны ялалтаа авахдаа Филиппин улсын тамирчин Адонис Севилленог ялж, дараа нь Роки Бактолыг хүнд цохилтоор буулган авсан байдаг.