BTS-ийн RM, V хоёр өнөөдөр цэрэгт элсэх хуваарьтай байгаа бол маргааш нь Жимин, Жонгүг хоёр явах юм. Одоогоор Жин, Жэй Хөүп, Шюга гэсэн гурван гишүүн цэргийн алба хааж байгаа билээ. Ням гарагт К-поп фэнүүдийн олон нийтийн платформ болох Weverse дээр RM "Эцэст нь өдөр ирлээ. Би сүүлийн 10 жилийн хугацаанд BTS-ийн гишүүн болж амьдарсандаа үнэхээр баяртай байсан. Төгсгөл нь өөр эхлэл учраас бүх зүйл дуусахад биднийг ямар нэг сайн зүйл хүлээж байгаа гэдэгт би итгэж байна" гэжээ. Солонгост хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд 18-аас доошгүй сар цэргийн алба хаах ёстой. Дөрвөн гишүүнийг 2025 оны зургадугаар сард чөлөөлөх төлөвтэй байна.