Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Монголын Дауны холбоотой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн “Trio” киног үзүүлжээ. “Монгол” гэдэг үгийн талаар дэлхийн өнцөг булан бүрд өөр өөр ойлголтууд бий болсон байдаг. Ерөнхийдөө монгол хүнийг хэлдэг боловч дауны хам шинжтэй хүнийг, мөн “тэнэг” гэгддэг хүнийг илэрхийлсэн доромж утгаар хэрэглэгдсээр иржээ. Эл сөрөг утга нь угсаатны зэрэглэн ангилдаг хуурамч шинжлэх ухаан, френологи ид дэлгэрч байсан XIX дүгээр зууны үеэс улбаатай.
Энэхүү арга хэмжээний зорилго нь “монгол”, “монголоид”, “монголизм” зэрэг нэр томьёог доромж утгаар, ялангуяа дауны хам шинжтэй холбоотой нэр томьёо болгон ашиглахаас сэрэмжлүүлэх явдал юм. Түүнчлэн дауны хам шинжтэй хүмүүст холбогдуулан эдгээр нэр томьёог хэрэглэх нь хүний эрхийг зөрчиж, хор уршигтай хэвшмэл ойлголтыг ужигруулах зэрэг сөрөг нөлөөтэй байгааг онцлон харуулахад гол зорилго оршиж байна. Цаашлаад монголчуудыг ялгаварлан гадуурхах явдалд хэрхэн нөлөөлж байгааг хөндөх зорилготой юм. Энэхүү арга хэмжээний үеэр гишүүн орнууд, НҮБ, олон улсын бусад байгууллага, агентлагууд, төрийн бус байгууллага, оролцогч талуудын үүрэг оролцоог харгалзан энэ асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээний талаар ярилцжээ.
Хэлэлцүүлгийн үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх, хүний эрх, хүртээмжтэй байдал, ялгаварлан гадуурхалтгүй, эрх тэгш байдлыг дэмжих зэрэгт голчлон анхаарал хандууллаа.