Буриадын Окинск аймгийн Алаг-Шулун сууринд эрс хүйтэрч, 12 дугаар сарын 12-ны өглөө термометр Цельсийн -57 хэм хүрч хүйтэрсэн талаар "Ока-инфо.24/7" сайт мэдээлжээ. Огцом хүйтэрсний улмаас Окинск аймгийн дунд сургуулиудын сургалтын ажиллагааг түр зогсоож, цахим хичээлд шилжүүлсэн байна. Өнгөрсөн шөнө гэхэд л Буриадын зарим бүс нутгаар -34-39 хэм, зарим газарт -44, -49 хэм хүрч хүйтэрчээ. Буриадын цаг уурчдын мэдээлснээр, ирэх амралтын өдрүүдээс эхлэн хүйтний эрч бага зэрэг буурах аж. Мөн хэт хүйтний улмаас Буриадын холбогдох албаныхныг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүргийг Буриадын тэргүүн Алексей Цыденов өгчээ.
Буриадын нийслэл Улаан-Үд хотод 12 дугаар сарын 12-ны өдөр хүйтэн байсан тул хоёрдугаар ээлжээр хичээллэдэг 1-8 дугаар ангийнхны хичээлийг цуцалсан байна. Энэ талаар Байкал дейли сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, сурагчдын эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид хүүхдээ сургуульд явуулах эсэхийг өөрсдөө шийдэх боломжтой, харин шийдвэрээ ангийн багшид мэдээлэх ёстой гэдгийг хотын боловсролын хороо анхааруулсан байна.
Өнөө өглөө Улаан-Үд хотод -36 хэмийн хүйтэн байсан тул 1-6 дугаар ангийн эхний ээлжийн хичээл ч ороогүй аж. Мөн 12 дугаар сарын 11-ний өдөр -33 хэм хүрсний улмаас бага ангийхны хоёр ээлж хоёулаа хичээллээгүй байна.
Буриадын нийслэл Улаан-Үд хотод дараах хэмтэй үед хичээлийг зогсоодог:
- ЗЗ-З4 хэм - 1-4 дүгээр анги;
- З5 хэм - 1-5 дугаар анги;
- З6 хэм- 1-6 дугаар анги;
- З7 хэм- 1-8 дугаар анги;
- З8 хэм - 1-11 дүгээр ангийн хичээлийг зогсоодог аж.