Хятадын баруун хойд Ганьсу, Чинхай мужид болсон газар хөдлөлтийн улмаас 111 хүн амь үрэгдсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Дээрх мужуудад байгалийн гамшгийн улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртээд байна. Даваа гаригийн шөнө 23:59 цагт болсон газар хөдлөлтийн хүчийг 6.2 магнитуд хэмээн тооцож буй. Газар хөдлөлтийн төв Ганьсу мужийн төв Ланжоу хотоос 100 км-ийн зайд 10 км-ийн гүнд байжээ.
Албаныхан яаралтай арга хэмжээ авч, аврах багийг тухайн бүс рүү илгээсэн бөгөөд хохирлын хэмжээ цаашид нэмэгдэж болзошгүйг төрийн мэдээллийн агентлагийн мэдээнд өгүүлжээ.
Өнгөрсөн наймдугаар сард Хятадын зүүн хэсэгт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөж, 23 хүн гэмтэж бэртэн олон арван байшин барилга нурсан байна.
0 сэтгэгдэлтэй