Цахилгааны хязгаарлалтыг иргэдэд мэдэгдэхгүйгээр хийж байгаа нь айл өрхийн өдөр тутмын амьдралд асуудал болж байна. Цахилгаан хэрэгсэл шатах, төлөвлөсөн ажлууд нь талаар болох, эрчим хүчний эх үүсвэрээс халаалтаа шийддэг айлууд даарч хөрөх гэх мэт олон асуудлыг дагуулж байна. Өнөөдөр УБЦТС ТӨХК-иас цахилгааны хязгаарлалтын талаар мэдээлэл өглөө.
“Сүүлийн өдрүүдэд хийгдэж буй цахилгааны хязгаарлалтыг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл байдалтай байна.
Төлөвлөгөөт засварын ажлыг 24 цагийн өмнө урьдчилан мэдэгдэж ажилладаг. Харин системийн оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтыг урьдчилан мэдэгдэх тодорхой боломж үүсэхгүй байна.Энэ нь цаг хугацааны хувьд маш хурдтай хязгаарлалтууд хийгдэж байгаа учраас хэрэглэгчдэд урьдчилан мэдээлэх боломжгүй гэсэн үг. Эрчим хүчний хязгаарлалтыг хоногийн оргил ачааллын цагуудад буюу 17-22 цагийн хооронд гэр хороолол, орон сууц, ААН-ийг үл хамааран хэсэгчилсэн байдлаар хийгдээд явж байгаа. Ингэхдээ нэг хэрэглэгчийг нэг удаад нэг цагаас илүү хязгаарлахгүйгээр төлөвлөсөн. Гэр хороололд дулаанаа цахилгаанаар шийддэг айлуудын тухайд хүйтний улиралд 2 цагаас дээш цахилгаан хязгаарлавал хөлдөлт үүсэх эрсдэлтэй.
Тиймээс бид эрсдэл үүсэхгүйн тулд нэг цагаар хязгаарлаж байгаа. Харин өчигдөр буюу ням гарагт 93 минут тасалсан тохиолдол гарсан. Иргэд тогны хэлбэлзлээс болж цахилгаан хэрэгсэл нь шатсан бол манай дуудлагын төвийн 7004-7004 дугаарт 24 цагийн дотор мэдээлэл өгөх шаардлагатай. Мэдээллийн дагуу манай компани судлаад хариу арга хэмжээг авч ажилладаг. Энэ нөхцөл байдал тэднийг хүртэл үргэлжилнэ гэж хэлж мэдэхгүй ч энэ өвлийн улиралд хязгаарлалт хийгдээд явах байх. Монгол улсын системд үйлдвэрлэж байгаа эрчим хүч ОХУ-аас импортоор авч байгаа хэрэглээний хязгаар нь 310 МВт байдаг. Үүнээс дээш давсан тохиолдолд хязгаарлалт хийж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Мөн улсаараа харанхуй болохгүйн тулд л хязгаарлалт хийж байна. Бид хэзээд хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэхийг эрмэлзэж ажилладаг. Өнөөдрийн нөхцөлд тухайн агшинд орж ирж байгаа ачааллыг хэлж мэдэхгүй учраас гэнэт тасалж байгаа. Хязгаарлалтад хот чигээрээ, орон нутгийг таван бүс дээр хийж байна. Зарим тохиолдолд сэргээгдэх эрчим хүчний нөхцөл байдлаас шалтгаалаад өдрийн цагаар хязгаарлалт хийж байгаа” гэлээ.
0 сэтгэгдэлтэй