Катар улс Европын парламентын албан тушаалтнуудад авлига
өгсөн байж болзошгүй гэнэ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Европын парламентын дэд ерөнхийлөгч Ева Кайли
тэргүүтэнд эрүүгийн хэрэг
үүсгэжээ. Ева Кайлигийн дэд ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагад Ойрхи Дорнод
багтдаг. Бельгийн мөрдөгчид гэрээс нь цүнхтэй бэлэн мөнгө илрүүлсний дараа
Европын Парламентын дэд ерөнхийлөгч, Грекийн улс төрч Эва Кайли
баривчлагджээ.
Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй Катар улсын
албаныхан Европын Холбооны улс төрчдөд авлига өгсөн байж болзошгүй хэргийн
мөрөөр шалгаж байгаад дээрх мөнгийг илрүүлсэн байна. Кайли нь Катар улсын засгийн газрын хэрэгжүүлж буй хөдөлмөр,
нийгмийн хамгааллын шинэчлэлийг ил тод дэмжигчдийн нэг юм. Авлигын хэрэгт
Европын улс төрчдөөс дөрвөн хүнийг сэжигтнээр татаад байгаагийн нэг нь тэр
болжээ. Бельги улсын холбооны прокурорын алба дөрвөн сэжигтний нэрийг зарлаагүй
ч Эва Кайли тэдний нэг болох нь батлагдаад байгаа юм байна. Түүний гэрээс мөрдөгчид
600,000 евро бэлнээр олжээ. 2022 оны
хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй Катарын эрх баригчид энэхүү том арга
хэмжээний бүтээн байгуулалтад ажилласан цагаач ажилчидтай зүй бусаар харьцсанд
буруутгагдаж байгаа. Энэхүү дуулианыг
дарж, нэр төрөө сэргээхийн тулд Катарын албаныхан Европын улс төрчдөд авлига
өгсөн гэгдэж байна. Эва Кайли нь ДАШТ
эхлэхийн өмнө Катарт айлчилж ирснийхээ дараа тус улсын “хөдөлмөр, нийгмийн
хамгааллын чиглэлд гаргаж буй амжилт”-ыг магтаж байжээ. Энэ долоо хоногт Францын Страсбург хотод болох Европын Парламентын
нэгдсэн чуулганы үеэр Катарыг тойрсон авлигын хэрэг гол сэдэв болох төлөвтэй
байна. Европын Холбооны эдийн засгийн
комиссар Паоло Жентилони өчигдөр Италийн RAI сувагт ярилцлага өгөхдөө уг хэрэг
“парламентын нэр хүндийг ноцтой унагах хор уршигтай” болохыг онцолжээ. Кайли одоогоор парламентын дэд
ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, жирийн гишүүн болоод байгаа гэнэ.
Европын Парламентын гишүүд эрүүгийн хариуцлага хүлээхээс хамгаалагдсан халдашгүй
статустай байдаг юм. Нийт зургаан хүнийг цагдан хорьж байцаасан бөгөөд хоёрыг
нь суллажээ. Европын парламентын ажиглагчид болон сөрөг хүчний гишүүдийн үзэж
буйгаар, энэ нь Европын парламентад урьд өмнө байгаагүй авлигын томоохон хэрэг
байж магадгүй аж. Энэ хэргийн улмаас Ева Кайлид өгсөн бүх эрх мэдэл, үүрэг,
даалгаврыг нэн даруй түдгэлзүүлэхээр шийджээ. Түүний гэрт нэгжлэг хийсэн бөгөөд Европын парламентын ерөнхийлөгч
Роберта Мецола нь Бельгийн Үндсэн хуульд заасны дагуу нэгжлэгийн үеэр байлцсан
байна. Нийт 16 удаагийн нэгжлэгээр 600 мянган евро бэлнээр хураан авсан аж. Мөн
доторх файлуудыг шалгахын тулд компьютер, гар утсыг нь хураан авчээ. Прокурорууд
Катарыг мөнгө, бэлэг өгөх замаар парламентын шийдвэрт нөлөөлөхийг оролдсон гэж
сэжиглэж байна. Гэхдээ Катарын засгийн газар энэ мэдэгдлийг үгүйсгэжээ. Катар
улс 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахтай холбоотойгоор авлигын
хэрэгт буруутгагдаж байсан удаатай.