728 x 90

Гадаадад амьдарч байгаа монгол иргэдээс 4 өдөр санал авна

Гадаадад амьдарч байгаа монгол иргэдээс 4 өдөр санал авна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургадугаар сарын 28-нд товлосон бол гадаад улсад байгаа Монгол иргэдээс санал авах үйл ажиллагааг дөрвөн өдөрт багтаан авахаар хуульчилсан. Тодруулбал, зургадугаар сарын 20, 21, 22, 23-нд гадаад дахь монголчуудаас санал авахаар заасан юм. Энэ жил болох УИХ-ын сонгуулиар парламентад 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ  48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох бол 78 нь томсгосон тойргоос сонгогдох юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн санал авах хуудас хоёр хэсэгтэй байх юм.  Нэр дэвшигчийг сонгох, намыг сонгох гэсэн.

Дээрх зохицуулалттай холбоотойгоор УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэнэ. Мөн нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар хуульд тусгасан. Мөн намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоод буй. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацаа 17 хоног байхаар заасан. Монгол Улсын хэмжээнд 1500-1600 орчим сурталчилгааны самбар байршина гэж тооцоолж буй.

УИХ-ын сонгуулийн дүнг үндэслэн суудал хуваарилахдаа сонгуулийн тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх, намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4.0 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5.0 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7.0 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх шаардлагыг хуульд тусгаад буй.

УИХ-ын сонгууль болохтой холбогдуулж, иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх дөрөвдүгээр сарын 29-нд хааж, ирэх зургадугаар сарын 29-нд нээнэ.

Хууль тогтоогчдын хувьд сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор бусдын нэр хүндэд халдсан ташаа мэдээллийг нийгмийн сүлжээг ашиглан тарааж, олон нийтийг төөрөгдүүлэх асуудал гарч буй тул таслан зогсоох чиглэлээр холбогдох байгууллагууд арга хэмжээ авах боломжтой эсэх асуудлыг хөндөж тавиад буй.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ