Энэ сарын 10-наас Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ. Таван өдөр үргэлжлэх тус тэмцээн нь олимпын жилд болж буй гэдгээрээ онцлог юм.
Нэгдүгээр сарын 10-нд техникийн зөвлөгөөн, сугалаа болох бол нэгдүгээр сарын 11-нд эрэгтэйчүүдийн 57, 70, 97, эмэгтэйчүүдийн 53, 59, 68 кг-ын барилдаантай.
Монголын чөлөөт бөхийн холбооноос олимпын эрх авсан тамирчин тухайн олимпод шууд оролцохыг зарласан. Тиймээс эмэгтэйчүүдийн 50, 68 кг-ын жинд олимпын эрх авсан Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар улсын аваргыг өнжиж, дэлхийн чансааны тэмцээнд барилдах аж. Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 12-нд болно. Чөлөөт бөхийн тамирчдын хувьд дөрөвдүгээр сарын 19-21, тавдугаар сарын 9-12-нд олимпын эрх олгох тэмцээнд оролцоно.
0 сэтгэгдэлтэй