728 x 90

Эрүүл хүнийг эрүүлжүүлэхэд хорьсон цагдааг шүүхэд өгчээ

Эрүүл хүнийг  эрүүлжүүлэхэд хорьсон цагдааг шүүхэд өгчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А-г эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Гэхдээ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу А-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Улмаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгажээ.

Гэвч хэргийг хариуцаж байсан прокурор Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд хандан эсэргүүцэл бичсэнээр шүүхийн шийдвэр өөрчлөгдсөн байна. Тодруулбал, А-г цагаатгасан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон байна. 

Прокурор эсэргүүцэлдээ “Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, биеэ авч яваа байдал нь хэвийн байсан талаар хангалттай нотлогдсон. Гэтэл түүнийг эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэж, тэндээс гарах хүртэл хугацаанд хүний эрх чөлөөнд халдсан болох нь бүрэн тогтоогдсон. Мөрдөгч түүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг тогтоогоогүй байж заавал эрүүлжүүлнэ гэж бусад алба хаагчдад заавар чиглэл өгсөн болох нь бичлэгт үлдсэн. Дараа нь согтуурлын зэрэг тогтоох багажаар шалгахад 00.0 хувь байсан зэрэг нь хохирогчийг эрүүлжүүлэх, саатуулах эрх чөлөөг хязгаарлах үндэслэлгүй. Мөн бичлэгт хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болохоо удаа дараа тайлбарлаж байх бөгөөд түүний биеэ авч яваа байдал, үйл хөдлөл зэрэг нь согтуурч, мансуураагүй байсан гэдгийг гэрчүүд мэдүүлсэн.

Мөрдөгч А нь мөрдөн шалгах, хэрэг бүртгэх, зөрчил шалган шийдвэрлэх, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тогтоогдох бөгөөд түүнийг заавал эрүүлжүүл хэмээн тушаал заавар өгч, дараа нь гаргаад явуул гэж утсаар хэлж байгаа зэргээс гэм буруугийн шууд санаатай, албан тушаалын давуу байдлаа ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдож байна” гэжээ.

Прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд дурдсанаар мөрдөгч А нь өмгөөлөгч Т-г “бусдын эрх ашгийг хамгаалж цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсны төлөө ... зөрчил үйлдсэн хэмээн дүгнэж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүлжүүлэх байранд хүргэх, (хожим) гаргах бүхий л үйл ажиллагааг удирдан явуулсан” гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж Дээд шүүх үзжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгожээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ