БНСУ-ын Канвон мужид нэгдүгээр сарын 19-нд залуучуудын өвлийн IV олимп эхэлнэ. Тус цагаан олимп нийт 12 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 79 улсын 15-18 насны 1900 тамирчин 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Манай улсаас залуучуудын өвлийн олимпын түүхэнд хамгийн олон буюу 12 тамирчин оролцох эрх авчээ. Тодруулбал, цанын спортын төрөлд олон улсын хэмжээний мастер Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар эрэгтэйчүүдийн арван км, эмэгтэйчүүдийн таван км зайд болон 4х3 холимог буухиа төрөлд оролцох юм.
Мөн уулын цанын төрөлд монголчууд анх удаа өвлийн олимпод оролцохоор болоод буй. Тодруулбал жиант слалом болон слалом төрөлд М.Манлайжав, Х.Халиун нар эх орноо төлөөлж оролцоно. Харин Биатлоны төрөлд Б.Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюунцолмон, Д.Нямсүрэн нар Канвоны цасан замд цэцээ сорихоор бэлтгэлээ базааж байна.
0 сэтгэгдэлтэй