НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав нь хэвлэл мэдээллээр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан бөгөөд амь нас нь эрсдэлд ороод байгаа талаар мэдээлж, хэргийг хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсээд байгаа билээ.Харин цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж эхэлсэн гэдгийг мэдээлсэн. Тэгвэл Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татсан байна.
Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас “Иргэн О.Нарангаравыг нөхөр Б.Эрдэнэсүх нь байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх гомдолын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлж, энэ сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагаас Б.Эрдэнэсүхийг “Гэр бүлийнхээ хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан” хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. Дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.