УИХ-ын хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг. Хуульд зааснаар согтуугаар болон жолооны эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах талаар нэмэлт, өөрчлөлт оруулаад буй. Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд өмнө нь 200 000 төгрөгөөр торгодог байв. Харин хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор 400 000 төгрөгөөр торгохоор болжээ. Мөн жолооч, эсхүл жолоодох эрхгүй, эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасаж, 400 000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах юм байна.
Хэрвээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж жолооны эрхээ хасуулсан хүн дахин тус зөрчлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолооны эрхийг нь 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан заалтыг өдгөө мөрдөж байгаа аж.
Торгуулиа төлөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай асуудал яригдаж буй. Энэ талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэн "Торгуулийг хуульд заасан хугацаанд биелүүлсэн эсэхээс хамаарч хэмжээг нь хөнгөрүүлж, эсхүл нэмэгдүүлж болохоор шинэ зохицуулалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд оруулсан. Тодруулбал зөрчил үйлдсэн хүн шийтгэлийн хуудсыг гардаж авснаас хойш 15 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн хэмжээг нь 50 хувиар хөнгөрүүлнэ. Харин дээрх хугацааг хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нь 50 хүртэл хувиар нэмэгдэхээр болсон.
Мөн тухайн хүний жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлаж, торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нь хязгаарлах арга хэмжээ авна гэж хуульд нэмэлт оруулсан.
Иргэд эрх бүхий албан тушаалтны оногдуулсан торгуулийг хуульд заасан хугацаанд нь төлдөггүй тохиолдол нэлээд байгаа. Жишээ нь 2023 оны есдүгээр сарын дүн мэдээгээр 139,969 зөрчилд бэлэн бус хэлбэрээр оноосон 2.9 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй. Энэ нь нийт торгуулийн 84.7 хувь болж байгаа юм.
Тэгэхээр цаашид зөрчил гаргаж, эрх бүхий албан тушаалтны оногдуулсан торгуулийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол таны төлөх торгуулийн хэмжээ нэмэгдэж, тодорхой эрхүүд тань хязгаарлагдах болсон гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй" гэлээ.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж эхэлснээс хойш 16 хоногийн хугацаанд буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-16-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 729 зөрчил улсын хэмжээнд бүртгэгджээ. Өмнө нь эрхээ хасуулсан байсан ч дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол 96 бүртгэгдсэн байна.
Энэ 96 хүнд хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж магадгүй болж байгаа учраас иргэд үүнийг анхаарч, цаашид хууль тогтоомжийг биелүүлэн, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг уриаллаа.
0 сэтгэгдэлтэй