Дүнжингаравын уулзварт өнгөрсөн шөнө гарсан ослын улмаас их хэмжээний хохирол учраад буй. Урьдчилсан дүгнэлтээр зам тээврийн осол гаргасан хоёр машинаас болж газ асгарч, дэлбэрэлт үүссэн нь тогтоогдсон. Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой асуудал учир цагдаагийн байгууллага хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна.Тодруулбал, /2024.01.24/ шөнөөс эхэлж, хоёр жолоочийг 48 цаг саатуулах шийдвэр гаргасан байна.
Осол гаргасан жолоочид болох “Дашваанжил” ХХК-ийн жолооч болон Nissan patrol-ын жолоочийг хоёр хоногийн хугацаатай цагдан хорих аж. Тэднийг сэжигтнээр байцааж, "оргон зайлж болзошгүй” гэх үндэслэлээр 48 цаг баривчлах саналыг Тээврийн прокуророос гаргаж, шүүхээс зөвшөөрөл өгөөд байсан юм.
ЦЕГ-аас өгч байгаа мэдээллээр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний шөнө 01 :10 цагийн үед газ тээвэрлэн явсан тээврийн хэрэгсэл шатаж дэлбэрсэн гэх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 болон 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үндэслэлээр тус хэргийн сэжигтэн Р, М нарыг тус тус 48 цагийн хугацаатай түр баривчилсан гэлээ.