Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэгч бөхийг давснаар өөртөө түрүүлэх боломж олгов. Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё 13 өдрийн ард гарлаа. Гавьяат тамирчин, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (11:2) башёг тэргүүлэгч Котоновакаг давснаар өөрөө тэргүүлэгчийн нэгдүгээр эгнээ рүү дэвшлээ. Мөн озеки Киришима Б.Лхагвасүрэн (11:2) нутаг нэгт Хошёорюү С.Бямбасүрэнг ялснаар тус тэмцээнийг тэргүүлж буй гурван бөхийн нэг болов. Хошёорюү С.Бямбасүрэн тэргүүлэгчийн дэд эгнээ рүү бууж байгаа бөгөөд үлдсэн өдрүүдийн үр дүнгээс хамааран түрүүлэх боломж түүнд гарч ирж байна. Киришима Б.Лхагвасүрэнгийн хийсэн нимаигэри мэх нь дээд зиндаанд хамгийн сүүлд 1952 онд гарч байсан ба 72 жилийн дараа дахин давтагдлаа. Тэгвэл энэ өдөр Монголын ахмад сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргил давснаар качикоши хийжээ.