Хаан Чарльз нэгэн төрлийн хорт хавдраар оношлогдож, даваа гаргаас эмчилгээ хийлгэж эхэлсэн тухай Букингемийн ордон мэдэгдэв. Саяхан эмнэлэгт хэвтэж түрүү булчирхайн эмчилгээ хийлгэж байх үеэр хорт хавдар илэрсэн хэмээн ордны мэдэгдэлд дурджээ. Гэхдээ онош үүнтэй холбоогүй гээд хаан ямар төрлийн хорт хавдартай болсныг зарлаагүй байна.
75 настай Чарльзыг эмч нар төрийн үүргээ хойшлуулахыг зөвлөсөн тул хаан олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй. Гэхдээ бичиг цаасны ажил, ганцаарчилсан уулзалт зэрэг төрийн тэргүүний үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ. Мөн Ерөнхий сайд Риши Сунактай долоо хоног бүр уулзаж улс орны асуудлыг зөвлөлдөж байх болно гэлээ. Хаан төрийн үүргээ биелүүлэх чадваргүй болсон тохиолдолд ажиллах учиртай төрийн зөвлөхүүдийг хараахан томилоогүй байна. Уг зөвлөлд хатан хаан Камилла, угсаа залгах хунтайж Уильям, гүнж Анна, хунтайж Эдвард нар багтдаг юм. Харин АНУ-д амьдарч буй хунтайж Харри хаан эцгийн эмчилгээний үеэр хажууд нь байх зорилгоор Лондонд буцаж ирэхээр болжээ.
Их Британийн хаан хорт хавдар туссан мэдээлэл дэлхий даяар түгсний дараа түүнд эрүүл энх, сайн сайхныг хүсч буй хүмүүс олон байна. Британийн Ерөнхий сайд Риши Сунак, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Британийн хаант засаглалын эсрэг хөдөлгөөний төлөөлөгчид ч мөн хаан эрүүл мэндэд санаа зовж, түргэн эдгэрэхийг хүсчээ.
0 сэтгэгдэлтэй