728 x 90

Хүн амын 27.1 хувь буюу 914.2 мянган хүн ядуу амьдарч байна

Хүн амын 27.1 хувь буюу 914.2 мянган хүн ядуу амьдарч байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран Монгол Улсын "Ядуурлын түвшин-2022" судалгааны дүнг танилцууллаа. Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үр дүнгээр ядуурлын түвшинг тооцоолдог. Тэгвэл ядуурлын түвшинг тооцох аргачлалд өөрчлөлт оруулжээ. Энэ тухай өгүүлэх "Ядуурлын үндсэн үзүүлэлт тооцох аргачлал" илтгэлийг Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан эдийн засагч Лидиа Ким танилцуулав. Тэрээр "Ядуурлын шугам нь өрх хэвийн амьдрахад шаардлагатай үндсэн хэрэгцээг хангах хамгийн бага зардлаар илэрхийлэгддэг. Улс орнууд 10 жил болоод ядуурлын түвшинг тооцох аргачлалаа шинэчилдэг. Хамгийн сүүлд 2010 онд энэ аргачлалыг шинэчилсэн байсан. Тиймээс 2022 оны ядуурлын түвшинг шинэчилсэн аргачлалаар тооцоолсон. Учир нь хүн амын амьжиргааны түвшинд өөрчлөлт орсон. Мөн эдийн засгийн нөхцөл байдал, хүн амын аж байдалд өөрчлөлт орсон учраас ядуурлын түвшинг тооцох аргачлалыг өөрчлөх шаардлага үүсдэг юм. Өмнө нь ашиглаж байсан асуумжуудыг өөрчилсөн. Удаан хэрэглээтэй бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ монголчуудад нэмэгдсэн байна. Өмнө нь бид 30 хоногийн хэрэглээг тооцдог байсан бол одооноос долоо хоногийн хэрэглээг тооцдог болсон. Мөн 11 асуумжийг шинээр нэмсэн. Өрхийн нийт хэрэглээний 70 орчим хувийг хүнсний бус хэрэглээ эзэлж байна. Үүнийг бүс нутгийн улс орнуудтай харьцуулахад, монголчуудын хүнсний хэрэглээний харьцангуй бага байна. Ядуурлын түвшинг тооцохдоо нэг хүнд ногдох ойлголтоор тооцдог байсныг өөрчилсөн. Үүний оронд нэг насанд хүрсэн хүнд ногдох хэрэглээг тооцдог болсон.  

Хоёрдугаарт, ядуурлын шугамын хоногийн тооцооллыг өөрчилсөн. Хүнсний ядуурлын шугам хоногт 5604, хүнсний бус ядуурлын шугам 8141 төгрөг байсан. Тэгэхээр нийт ядуурлын шугам хоногт 13745 төгрөг болсон. Ийнхүү асуумж, тооцооллыг шинэ аргачлалаар тооцсон учраас ядуурлын түвшинг өмнөх жилүүдтэй харьцуулах боломжгүй. 2022 онд 7180 төгрөгөөр ядуурлын шугам тогтож байсан. 2022 онд ядуурлын түвшинг 27.1 хувь гэж дүгнэсэн. Монгол Улс дундаас дээш түвшний орлоготой орнуудын тоонд орж байгаа" гэсэн юм.Энэ үеэр ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг "Ядуурлын суурь шугамыг шинэчилсэн. 2022 онд 23 мянган айл өрхийг судалгаанд хамруулсан. 2022 оноос ядуурлын шинэ суурьтай аргачлалаар явуулсан. Дэлхийн банкнаас хүн амын ядуурлын түвшинг тооцох шинэ аргачлал ашиглах зөвлөмж олгосон. Энэ зөвлөмжийн хүрээнд тооцооллыг шинэчилж, үр дүнгээ танилцуулж байна. Монгол улс хэрэглээнд суурилсан ядуурлын шугамыг тооцдог. Ингэхдээ хүнс болон хүнсний бус хэрэглээний наад захын хэрэглээг тооцдог. Хамгийн бага хэрэглээтэй бүлгээс хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг судалдаг. 2400 ккал хоногт авахад хэдэн төгрөг шаардлагатайгаар тооцож гаргадаг. Мөн хүнсний бус ядуурлын түвшинг бүлгийн хүнсний бус хэрэглээний хамгийн бага зардлыг тооцдог.  Хүн амын хэрэглээгээр харахад улсын дунджаар 657 мянган төгрөг байна. Үүний 30 хувийг хүнсэнд, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулж байна.  Ядуурлын түвшнээс доош хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүн сард дунджаар 318 мянган төгрөгийн хэрэглээтэй байна. Ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй хүн дунджаар 714 мянган төгрөгийг хэрэглээнд зарцуулж байна.Улсын хэмжээнд ядуурлын түвшин 27.1 хувь буюу 914.2 мянган хүн ядуурлын түвшнөөс доогуур хэрэглээтэй амьдарч байна. Бүсчилж тооцвол баруун, зүүн, хангайн бүсэд ядуурлын түвшин өндөр гарсан байна" гэв. Нийт ядуу хүний 57 хувь нь хотод, 43 хувь нь хөдөөд амьдарч байгаа аж. Тодруулбал, Улаанбаатарт 37 хувь, аймгийн төвд 19 хувь, суманд 20, хөдөө нутагт 23 хувь нь амьдарч байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ