Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрладаг Бизнес инкубатор төвд 2024.02.14-ний өдрийн 15.50 цагт гал гарсан. Тус төвд худалдаа эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сан ТББ-ын тэргүүн С.Мишиг “Бид энэ гал захиалгатай гэдэгт 99.9 хувь итгэлтэй байна. Гал гарах үед харуул хамгаалалтын хяналтын камер хэвийн ажиллаж байсан. Камер бичлэгийг 30 хоног хадгалдаг хард дисктэй.
Гэтэл хард дискэд 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойших бичлэг алга, хадгалаагүй байна гэсэн үг. Дэлгэцэн дээрээ бол камер хэвийн ажилласан. Битүүний урд өдөр худалдаачдын анхаарал сарнисан үед мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн юм биш биз гэж хардаж байна. Өмнө нь бичлэг хадгалж, ухрааж үзэж болдог байсан камерт яагаад долоо хоногийн бичлэг байхгүй байна вэ. Бид галын шалтгааныг хэн нэгнээс хайхгүй. Хууль хяналтын байгууллага буруутай этгээдэд хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байна. Бид төрөөс мөнгө нэхээгүй. Харин ямар нэг санхүүгийн байгууллагатай холбож, үйл ажиллагаа жигдрүүлтэл хүү багатай зээлээр дэмжиж өгөхийг хүсэж байна. Бид 10-аад жилийн өмнө хогийн цэг байсан газрыг ашиглаж, гудамжинд худалдаа эрхэлж байсан хүмүүст ажлын байр бий болгож, Монгол Улсад анх удаа түрээсийн төлбөргүй зөвхөн үйл ажиллагааны зардлаараа санхүүждэг газрыг нээсэн. Өрөө төлж дуусгаад хуримтлалтай болохоор төлөвлөж байтал гэнэтийн аюул тулгарлаа.
Бид энэ газрын үүсгэн байгуулж, 10 жилийн хөдөлмөрөө зарцуулсан” гэсэн мэдээллийг өгөв. Тус төвд 136 хүн үйл ажиллагаа эрхэлж байсан аж. Тэд нэг лангуу 10 орчим сая төгрөг, нийтдээ тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа бөгөөд ажлын байраа сэргээн босгоход хандив өргөхийг ард түмнээс хүсэж байна.
0 сэтгэгдэлтэй