Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 2.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 439.3 (23.8 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 40.2 (1.8 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.3 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 163.6 (14.1 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 13.9 (1.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 104.9 (17.8 хувь) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бодит орлого 26.1 (34.9 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр 2023 оны дөрөвдүгээр улиралд 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 417.1 (24 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнд цалин хөлсний орлого 260.8 (27.8 хувь) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 55.1 (46.3 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлаас 18.2 (0.9 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэхэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 74.6 (75.0 хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. 2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 156.2 (14.3 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 1.7 (0.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
0 сэтгэгдэлтэй