Москвагийн ойролцоох Крокус Сити Холл цогцолборт халдлага үйлдсэн дөрвөн этгээдийг Орос-Украины хилээр нэвтрэхээс өмнө Брянск мужид баривчилсан тухай Оросын Мөрдөн Байцаах Товчоо мэдээллээ.
Халдлагатай холбогдуулан 11 этгээдийг баривчилснаас дөрөв нь биечлэн үйлдсэн хүмүүс болохыг бид өмнө нь мэдээлсэн Тагнуулын алба террорист халдлагын бүх нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. Халдлагыг урьдаас сайтар төлөвлөж ашиглах зэр зэвсгээ ойд урьдчилан бэлтгэсэн гэж үзэж байна.
Крокус Сити Холл цогцолборын шатсан нурангиас олон хүний цогцос олдож амь үрэгдэгсдийн тоо 120-д хүрсэн тухай Мөрдөн байцаах товчоо мөн мэдээллээ. 300 гаруй хүн шархдаж гэмтсэний дотор биеийн байдал нэн хүнд хүн олон байгаа тул амь хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй.
Халдлагын хариуцлагыг Исламын Улс бүлэглэл хүлээсэн болохыг өмнө нь мэдээлсэн. АНУ-ын тагнуулын алба ч Исламын Улс зэвсэгт бүлэглэл халдлага үйлдсэн байх магадлалтайг өөрийн эх сурвалжаас олж тогтоосноо мэдээлжээ. Харин ОХУ энэ талаар тайлбар хийгээгүй байна.
Баривчлагдсан сэжигтнүүд Украины хилээр гарахаар төлөвлөж байсан тухай Оросын аюулгүй байдлын алба мэдэгдлийг Киевийн зүгээс "утгагүй" гэж тайлбарлав.