Зөвшөөрлийн тухай хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлж байна. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001) хүчингүй болж улмаар төрийн эрх бүхий байгууллагуудаас баталсан олон төрлийн журмаар зохицуулагдаж байгаа бүх тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг нэгтгэж нэгдсэн нэг тогтолцоог бий болгох юм. Ингэснээр урьд нь 200 байсан зөвшөөрлийн тоо 1600 болж найм дахин нэмэгдсэнийг энэ хуулиар 365 болгож төрийн дарамтыг тав дахин багасгаж байна. Тухайлбал урьд нь дэлгүүр шинээр нээхэд 28 төрлийн зөвшөөрөл авдаг байсан бол шинэ хуулиар хоёр төрлийн зөвшөөрөл аваад л иргэн үйл ажиллагаагаа эхлүүлж болох юм байна. Хуулийн онцлох өөрчлөлтүүд: Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд зургаан сарын дотор дахин хүсэлт хүлээн авахгүй байхаар хуульчилсан тул бизнес эрхлэгчид тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа сайтар бэлтгэх шаардлагатай болсон байна. Зөвшөөрлийн тухай хуулиар эрх бүхий байгууллагуудад зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө мэдэгдэх үүргийг хуульчилсан. Харин тусгай эсхүл энгийн зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гаргана. Тусгай эсхүл энгийн зөвшөөрөл эсэхээс хамаарч хугацаа сунгуулах өргөдлийг ажлын 10-12 хоногийн дотор шийдвэрлэхээр байна. Хэрвээ эрх бүхий байгууллага нь хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөлд хариу өгөөгүй бол зөвшөөрлийн анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно.
0 сэтгэгдэлтэй