1,072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй 470,000 иргэний эрх ашиг зөрчигдөж буй талаар "Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах баялгийн эзэд нийгэмлэг" өнөөдөр "Монгол Ньюс" мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр "1,072 хувьцааны талаар он цагийн дараалалтай ярья. Анх 2008 онд та бүгд санаж байгаа бол Ардчилсан Нам (АН) болон Монгол Ардын Нам (МАН)-аас нэг сая төгрөгийн хувь хишиг хүртээх тухай сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт тусгасан.
Улмаар 2011-2012 оны үед амлалтаа дүгнэх цаг нь болоход энэ мөнгийг хэрхэн хуваарилах талаар ярилцаж эхэлсэн. Улсын Их Хурал (УИХ)-аас тогтоол гаргаж, Засгийн газрыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гэж үүрэг өгсөн юм.Гэвч тухайн үеийн Засгийн газарт хувьцаа тараах мөнгө байгаагүй. Ингээд бүх иргэнд 500,000 орчим төгрөгийг л бага багаар тараасан.
Үүний дараа мөрийн хөтөлбөрт нь орсон нэг сая төгрөгөө өгөх бололцоо үлдээгүй. Ингээд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлээд 1,072 хувьцаа гэдэг тоог гаргаж ирсэн.Энэ хувьцаагаа иргэн бүрд олгосон боловч хүмүүс бэлэн мөнгө нэхэж эхэлсэн. Хувьцаа гэдэг бол заавал үнэтэй байх ёстой. Эдийн засгийн утгаараа үнэт цаасны биржид бүртгэлтэй, үнэт цаасны компаниар дамжиж ашиг олдог бүтээгдэхүүн. Гэтэл Засгийн газраас зарласан хувьцаанд тийм зүйл байгаагүй. Тухайн үед "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компани ч болоогүй, хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж явж байлаа. "Эрдэнэс Тавантолгой" компани 2018 онд хувьцаат компани болж өөрчлөгдсөн. Энэ хүртэл анх олгосон хувьцаа бол зүгээр цаас л байсан юм. Засгийн газраас 2012 онд 116 дугаар тогтоол гэж гаргасан. Энэ тогтоолоор 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувьцааг нь нэг сая төгрөгөөр худалдана авах санал тавьсан. Тухайн үед иргэд Монголын эд баялаг гэдэг ямар их үнэ цэнтэй зүйл вэ гэдгийг огт гадарлаагүй.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашиг жил ирэх тусам өсөж буй. Гэтэл тухайн үед иргэдийн санхүүгийн хүндрэлийг ашиглаж нэг сая төгрөгөөр авсан нь шударга бус юм. Тиймээс одоогийн Засгийн газар болон УИХ-д иргэдээс авсан хувьцаагаа буцааж өгөхийг санал болгож байна. Манай нийгэмлэгийн гол зорилго нь бүх иргэнд хувьцааг нь олгох юм" гэж ярилаа.
0 сэтгэгдэлтэй